Эрдэмтэд Орчлон ертөнцийн үүслийн эхэн үед цаг хугацаа тав дахин удаан байсан гэж дүгнэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-07-05 15:52:46

СИДНЕЙ. /Nature Astronomy/. Сиднейн их сургуулийн одон орон судлаачид Орчлон ертөнцийн үүслийн эхэн үед цаг хугацаа одоогийнхоос тав дахин удаан байсан гэж дүгнэжээ. Ийм дүгнэлтийг Орчлон ертөнцийн хамгийн тод радио эх үүсвэр болох хоёр зуу орчим квазарын цацаргалтын өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр хийсэн гэж Сиднейн их сургуулийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 


"Эйнштейний ачаар бид цаг хугацаа, орон зай хоорондоо салшгүй холбоотой гэдгийг мэднэ. Орчлон ертөнц байнга тэлж байдаг бөгөөд энэ нь онолын хувьд бидэнд Орчлон ертөнцийн үүслийн эхэн үед тэнд болж буй үйл явдлуудыг ажиглахад өдгөө цаг хугацаа хэрхэн өнгөрч байгаатай харьцуулахад удааширсан мэт санагдана гэсэн үг юм. Их тэсрэлтээс хойших эхний тэрбум жилд цаг хугацаа үнэхээр өнөөдрийнхөөс хамаагүй удаан урсаж байсныг бид нотолсон" гэж Сиднейн их сургуулийн профессор Герайнт Льюис ярьжээ.


Судлаачид галактикуудын төв дэх маш идэвхтэй, хэт масстай хар нүхнүүд болон 190 квазарын цацаргалтад 20 жилийн турш хийсэн ажиглалтын үр дүнд энэхүү дүгнэлтийг хийжээ.


Ажиглалтын явцад эрдэмтэд квазаруудын цацаргалтын урсгалын гажуудлын давтамжийг хэмжиж, харьцуулжээ. Энэ нь Орчлон ертөнц үүссэн цагаас хойш янз бүрийн хугацаанд цаг хугацаа удаан өнгөрдөг байсан гэдгийг батлах боломжийг олгосон аж. Тухайлбал, гурван тэрбум жилийн өмнө цаг хугацаа өнөөдрийнхөөс 1.2 дахин удаан, 12 тэрбум жилийн өмнө тав дахин удаан урсдаг байсан гэнэ.


Эрдэмтдийн хэлснээр, тэдний хийсэн хэмжилтүүд нь харьцангуй ойр, мөн алс хол бүртгэгдсэн супернова гэх хүчтэй дэлбэрэлтэд хийсэн ажиглалтын үр дүнг баталж байгаа аж. Энэхүү ажиглалтын үеэр одон орон судлаачид цаг хугацааны урсгал хурдассаныг харуулсан ижил төстэй хэмжээсүүдийг бүртгэжээ. Энэ нь квазаруудыг цаг хугацааны хурдыг найдвартай, үнэн зөв хэмжих хэрэгсэл болгон ашиглаж болохыг харуулсан гэж эрдэмтэд "Nature Astronomy" сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлдээ бичжээ.


Өнгөрсөн зууны сүүлчээр одон орон судлаачид супернова дэлбэрэлтийг ажиглаж явцдаа Орчлон ертөнц хурдацтай тэлж байгааг тогтоосон билээ. Харин өнөө үед физикчид тэлэлт улам хурдассаар байгаагийн шалтгааныг харанхуй энергитэй холбоотой гэж үзэж байна.



Холбоотой мэдээ