Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-07-12 20:42:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хааж Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслолын ажиллагаа боллоо.

 

Монгол төрийн мандан бадрахын бэлгэдэл болсон есөн хөлт цагаан тугийг торгон цэргүүдээр хамгаалуулан жилдээ нэг удаа Төв цэнгэлдэхэд залж, цэнгүүлдэг уламжлалтай билээ.

 

Есөн хөлт цагаан туг бол Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл юм. Монгол Улс ардчилсан хөгжлийн замд шилжсэний дараа 1992 онд Цагаан тугийг шинээр бүтээн бүтээж, төр улсын энх мөнх оршихын бэлгэдэл болгон залжээ.

Ташрамд дурдахад, 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар, “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж тунхаглан зарласан бөгөөд Төрийн бэлгэ, тэмдгийн тухай хуульд нарийвчлан заасны дагуу манай улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон мянган цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай дэл сүүлээр үйлдсэн юм. Түүнчлэн бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан хүрээ мандал хэлбэртэй суурь дээр залан Төрийн ордонд байрлуулсан бөгөөд газарт хүргэхийг цээрлэдэг цаазтай.

Есөн хөлт Их цагаан тугийн оройн гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө гэдгийг бэлгэдэн хорин нэгэн ширмэл дөл бадрааж, хоёр талд нь ган дөрвөн цагариг унжуулжээ. Тэдгээр цагариг бат бэхийг бэлгэднэ. Сүлдэнд түүнчлэн их цагаан өргөөг дуурайлган бүрхүүл хийж цагаан хялгасаар торлон гэрийн ханыг төлөөлүүлсэн байдаг. Их цагаан туг гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг билээ. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бүх бэлгэдэл есөн хөлт Их цагаан туг сүлдэнд шингэсэн гэдэг.






Холбоотой мэдээ