ӨВӨРХАНГАЙ: Живсэн машиныхаа бүхээг дээр гарч амь аврагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-07-18 16:09:02

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт бороо үргэлжлэн орж, гол ус үерлэсэн хэвээр байна. 


Өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр Хархорин суманд 18-20 м/с хүчтэй салхи салхилсны улмаас барилгын төмөр дээвэр хууларч, Кроун-180, УАЗ-31512 загварын суудлын автомашин дээр унасан байна. Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 45 дугаар ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиж, 15х20 метрийн хэмжээтэй дээврийн төмөр дороос машинуудыг гаргажээ.


Мөн энэ өдөр Хархорин сумын Нарийн хүр багийн Бөөгийн-Овоо гэдэг газар Орхон голын усанд суудлын автомашин живлээ гэх дуудлагын дагуу ажиллаж, иргэн С машиныхаа бүхээг дээр гарсан байсныг эсэн мэнд аварсан байна. Тухайн үед иргэн С согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.


Ташрамд, өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын газрын алба хаагчид үер, усны нийт 37 дуудлагаар ажиллаж, 690 хүний амийг авран хамгаалсан байна. Ирэх өдрүүдэд ч цаг агаарын байдал тааруу байж, их хэмжээний бороо орохыг тус албанаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ