ДОРНОД: Үзэмчин эхнэрийн дээл Монгол Улсад цор ганц үзмэр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Музейд үзэмчин эхнэрийн иж бүрэн гоёл зүүтгэл бүхий дээл бий. Энэ нь манай улсад цор ганц үзмэр юм. Энэхүү өмсгөл нь бусад угсаатны дээл хувцаснаас ялгарах онцлог гэвэл төрийн өмсгөл гэдгээрээ илүү ач холбогдолтой.
Үзэмчин ястнууд 20 дугаар зууны дунд үеийг хүртэл өнө эртнээс уламжлалтай хувцас зүүтгэлээ бүрэн бүтнээр нь өмсөж зүүж ирсэн түүхтэй. Үзэмчингүүд монгол үндэсний суурь хувцас чимэглэлийг гол болгон хэрэглэдэг боловч хэлбэр хийц маягаар, урлах арга барилын хувьд халх, буриад зэрэг угсаатны бүлгээс ялгаатай.
Үзэмчин охид 13, 14 нас хүртэл энгэр зах нь өргөн эмжээртэй монгол дээлээ өмсөж, үсээ 2 салаа сүлжиж, үзүүрт нь “эврийн амтай” гэх шүр, сувд, оюу хэлхсэн оосортой хар цацаг зүүж, хүзүүний гуу, бүсний бөөрөлж зэргээр гоёдог. Харин нас бие гүйцэж хадамд гарах үеэ дөхмөгц үсээ гэзэг болгон сүлжиж, тойв зүүж, энгэртэй дээл, шүрэн датуур, “арны амтай” гэх зүүтгэлээр гоёж хувцасладаг.
Хар үсийг хагалж, хатан сүйхийг нь зүүлгэн, хадмын газар хүргэгдэж галын бурханд нь мөргүүлэн ураг төрлийн ёслолыг үйлдсэнээр сүйт нөхрийн гэргий, шинэ айлын эзэгтэй, эхнэр хэмээгдэнэ. Үзэмчин охид айлын бэр болохдоо өмнө нь зүүж байсан шүрэн датуур, хүзүүний гуу дээрээ төрийн таван өмсгөлийг хэрэглэнэ. Тэр нь хатан сүйх, төрийн ууж, залаат малгай, үсээ хийж зүүх ширгүүл, хос мөнгөн бэл зэрэг юм.
Үзэмчин эмэгтэйчүүдийн ээмэг, бөгж, бугуйвч нь цулгуй, хэвэнд цохисон, цавьчаар хээ урласан байдаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хар булигаар гутал голдуу өмсдөг. Гутал нь ул, зулаг, түрий гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдсэн гурван ногоон сарьстай, дотроо гар хийцийн хараатай оймстой байжээ.