“Галшар адууны баяр-2015” наадмыг 2 дахь жилдээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
montsame_user@montsame.mn
2015-09-04 13:56:03

Монголын хурдан адууны гол цөм болсон Галшар адууг  олон нийтэд сурталчилах, үүлдрээр нь баталгаажуулах, “Морьтон Монгол” аяныг түгээн дэлгэрүүлэх, морьтны их өв соёлын гайхамшигийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилготой “Галшар адууны баяр-2015”  наадмыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Галшар сумын нутаг Шөрөмсөн чулуут дов хэмээх газарт энэ сарын 21-ны өдөр болсон тус наадам нь Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын  ивээл дор  зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байсан юм.

"Галшар адууны баяр-2015” наадмын  үеэр морьтоны  жагсаал, соёолон, дааган  насны хурдан морины  уралдаан, “Монгол хүү” бага наадам, “Сайхан наадамчин” шалгаруулах тэмцээн, шагайн харваа, шилмэл шүдлэн насны морьдын дуудлага худалдаа гэсэн арга хэмжээ боллоо. Энэ өдрийн морьтоны жагсаалд нийтдээ 350 гаруй морьтон оролцсон нь улсын хэмжээнд хамгийн олон морьтон жагссан бахархалтай үйл явдал болсон юм. Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоо үндэсний их баяр наадмаараа хүртсэн  МҮОНРТ-ийн сурвалжлагч, сэтгүүлч Л.Цагаандалай наадмын арга хэмжээнд хүрэлцэн ирж, Морьтоны жагсаалыг хөтлөн явууллаа.  Шинэхэн гавьяатаа хүндэтгэсэн  Галшар нутгийнхан түүний морьтны их өв соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь талархал илэрхийлэн, нутгийнхаа  хурдан удмын даагыг бэлэглэсэн юм.

Харин хурдан морьдын уралдаанд соёолон насны  48 морь хурдалснаас Хэнтий аймгийн Баянхутаг сумын уяач Мөнхболорын хул, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Түмэнбаярын зээрд, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Норовсүрэнгийн Хонгор, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Сүхбаатарын хээр, Цэрэндоржийн хонгор тус тус түрүүлж айрагдлаа. Мөн хурдан дааганы уралдаанд 28 даага гарааны зурхайгаас эргэж,  Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Даваадоржийн хонгор, Мягмарпүрэвийн зээрд халзан, Баасанхүүгийн хонгор, Галшар сумын Болор-Эрдэнийн  сартай хээр, Баатардоржийн хээр даагаайрагдсан юм. 

Үүний зэрэгцээ 16-17 насны хөвгүүд унаж яваа мориороо уралдах, үндэсний бөхийн  барилдаан, явган болон морины давхианд  нум сум харвах гэсэн төрлүүдээр өрсөлддөг “Монгол хүү” бага наадмыг зохион байгууллаа. Тус наадамд 22 залуу оролцож,  Баянхутаг сумын  Баянбадрал багийн иргэн Нямдорж, Жаргалант багийн иргэн Гончигжав, Арвин багийн иргэн Доржжовд нар тэргүүн байрыг  эзэлсэн юм. Мөн “Сайхан наадамчин” шалгаруулах арга хэмжээ болж,  18 наадамчин унасан морь, тохсон эмээл, эдлэл хэрэглэлээрээ өрсөлдөн  Галшар сумын Сангийн далай багийн наадамчин Д.Энхтайван, Л.Оюунмөнх нар тэргүүн байр, наадамчин Д.Лагвасүрэн 2 дугаар байр, Баянбадрал багийн наадамчин З.Батбаяр, Д.Сонинбилэг нар 3 дугаар байрыг  эзэллээ. Эрийн гурван наадмын нэг шагайн харваан тэмцээнд тус сумын Мөнхнаран ахлагчтай баг 1 дүгээр байр,“Тэгшплант ХХК”-ны захирал Батбилэг ахлагчтай баг 2 дугаар байр, Дорноговь аймгийн Их хэт сумын баг 3 дугаар байранд шалгарсан юм. Мөн энэ өдөр шилмэл шүдлэн насны морьдын дуудлага худалдаа болж, дуудлага худалдааны салхийг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хагалж, дуудлага худалдааны ялагчаар тодрон  алдарт уяач Х.Сүрэнхорын хээр азарганы угшилтайхээр шүдлэнгийн эзэн болсон юм. Баяр наадмын үеэр “Тэгшплант” ХХК-ны урилгаар Ардын Дуу Бүжгийн Хан Хэнтий чуулгын уран бүлээлчид хүрэлцэн ирж, наадамчин олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа.  
Баярын наадмын арга хэмжээнд Хэнтий  аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал, “Цэцэнханы хүлэг” уяачдын холбооны нарийн бичгийн дарга Алтантөгс зэрэг албаны хүмүүс урилгаар оролцсон юм. Тус наадмыг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Галшар сумын ЗДТГ, аймгийн Музей,   Батбилэг захиралтай “Тэгшплант”ХХК, “Хардэл бэйсийн унага” уяачдын холбоо, Галшар сумын  Баянбадрал багийн хоёр мянгат малчин Эрдэнэбилэг нар ивээн тэтгэж оролцлоо. Мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНРТ, ТВ5 телевиз ажилласан юм. 
 

Т.Тэгшдэлгэр

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд