ХОВД: Ойрын өдрүүдэд бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-07 14:18:08

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд  (2023.08.07-14-ний өдөр хүртэл)  ихэнх хугацаанд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.


Энэ сарын 8, 9-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 10, 12, 13-ны өдөр зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 




Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө +6+11 градус, өдөртөө +20+25 градус, бусад нутгаар шөнөдөө +12+17 градус, өдөртөө +25+30 градус дулаан байна.

Өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт их хэмжээний аадар бороо орсны улмаас үер болж, Манхан болон Зэрэг суманд хоёр хүн амиа алдсан.

Цаашид ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халалтын улмаас түр зуурын усархаг аадар бороо орох нөхцөл бүрдэж байгаа ба хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин богино хугацаанд нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар үер буух нөхцөл бүрдэж байгаа тул гэнэтийн үер, усны болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Ховд аймгийн УЦУОШТ-өөс зөвлөлөө.

Энэ сарын 4-ний өдрийн байдлаар түр зуурын усархаг аадар бороо орсны улмаас Төгрөг голын усны түвшин нэмэгдэж, Манхан сум орчмоор 417 см болсон байна.  Харин Бодонч голын усны түвшин Алтай сум орчимд 4 см-ээр нэмэгджээ. 

Холбоотой мэдээ