Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-06 14:05:23

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улс, Япон улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үндсэн нөхцөлд Талууд 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу нөгөө талын бараанд үндэсний нөхцөл олгохоор заасан байна.

Гэвч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Онцгой албан татварын тухай хуулиар дотоодын болон импортын архи дарсанд ялгавартай татвар ногдуулж байгаа нь Япон улстай байгуулсан түншлэлийн хэлэлцээртэй зөрчилдөж байна.

Японы талаас хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс Япон улсын гарал үүсэлтэй архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийнхтэй ижил хэмжээгээр ногдуулах шаардлагыг тавьсан болно.

Иймд Онцгой албан татварын тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулан, эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулсан орны гарал үүсэлтэй импортын болон дотоодын үйлдвэрлэлийн бүх төрлийн архи, дарсанд ногдуулах татварын хэмжээг ялгаваргүй тогтоохоор хуулийн төсөлд тусгажээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Тус хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөл батлагдсанаар гаалийн тарифын тогтолцоо илүү тодорхой болж бүсийн интегралчлал идэвхжиж байгаа өнөөгийн шаардлагад бүрэн нийцнэ. Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг  хэрэгжүүлэх, цаашид Ази Номхон далайн  худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах эерэг үр дагавартай юм.

Мөн Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Энэ төсөл батлагдсанаар нэмэлт хөрөнгө, зардал шаардагдахгүй, харин импортын барааны гарал үүслийг хуульд нийцүүлэн тодорхойлох боломжийг олгоно. Импортолж орж ирж байгаа барааны гарал үүслийн гэрчилгээг шаардсанаар хөнгөлөлттэй тариф хэрэглэх боломж бүрдэх юм байна

Товч мэдээ

·  Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагыг үүсгэн байгуулах тухай гэрээнд Монгол Улс нэгдэн орохыг зөвшөөрлөө. Энэ нь Хөгжиж буй болон эдийн засгийн шилжилтэд байгаа орнуудад сайн засаглалыг бий болгох, хууль дээдлэх ёсыг түгээн дэлгэрүүлэхэд туслалцаа үзүүлэх үндсэн зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага юм.

·  “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Наймардах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын Захирамжийг ажлын шугамаар гаргахаар тогтлоо.

·   Өнгөрөгч наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 2-нд Японы Токио хотод болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцсон тухай тайланг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Чуулга уулзалтаас гарсан зөвлөмж шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангуулахыг түүнд даалгалаа.

·  Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг салбарын сайдад даалгалаа.

·  УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

·  С.Магнайсүрэнг Барилга, хот байгуулалтын яамны, Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо. 

·  З.Болдбаатарыг өөр ажилд шилжсэнтэй нь холбогдуулан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд