Зимбабвед бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-08-23 16:30:43

ХАРАРЕ. /VOA/. Бүгд Найрамдах Зимбабве Улсад бүх нийтийн сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэллээ. Санал хураалтын үеэр хүчирхийлэл, маргаан байнга дэгдэж байдаг энэ улсын одоогийн ерөнхийлөгч Эммерсон Мнангагва хоёр дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдохын төлөө өрсөлдөж байна.


Зимбабвед 2017 онд төрийн эргэлт гарч, тус улсыг олон жилийн турш дарангуйлан удирдсан Роберт Мугабег огцруулснаас хойш бүх нийтийн сонгуулийг хоёр дахь удаагаа явуулж байгаа нь энэ юм.


Саналын хуудсанд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй 12 хүний нэр бичигджээ. Тэдний дундаас “матар” хочит, 80 настай Э.Мнангагва болон сөрөг хүчний удирдагч 45 настай Нельсон Чамиса нарын хооронд гол өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна. Э.Мнангагва 2018 оны маргаан дагуулсан сонгуулиар Н.Чамисаг ялж байсан юм. Харин Н.Чамисагийн хувьд, эрх баригч ZANU-PF намын 43 жилийн засаглалыг эцэс болгоно хэмээн найдаж байна.


Эхний шатны санал хураалтад нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тохиолдолд 10 дугаар сарын 2-нд хоёр дахь шатны санал хураалт болно. Мөн энэ удаагийн сонгуулиар улс төрийн намууд парламентын 350 суудал, орон нутгийн зөвлөлийн 2000 орчим суудлын өрсөлдөнө.


Нийслэл Хараре хотын ойролцоох Мбаре хэмээх ядуу тосгонд зарим хүн урт дараалалд зогсохоос түвэгшээн, санал хураалт эхлэхээс хоёр цагийн өмнө санал авах байранд иржээ.


Сонгуулийн өмнө сөрөг хүчин болон Human Rights Watch, Amnesty International зэрэг хүний эрхийг хамгаалах байгууллагууд "валютын хямрал нүүрлэж, хүнсний үнэ огцом өсөж, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо сул, ажлын байр дутмаг байгаагаас үүдэлтэй хурцадмал байдлын үед эсэргүүцэгчдийг дуугүй болгохыг хичээж байна" гэж Э.Мнангагваг буруутгажээ.


Э.Мнангагва бол Р.Мугабегийн ойрын хүн байсан бөгөөд 2017 оны төрийн эргэлтээс өмнө дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Тэрбээр өөрийгөө шинэчлэгч гэж харуулахыг хичээсээр байгаа боловч олон хүн түүнийг "өмнөх удирдагчаас ч илүү дарангуйлагч" гэж үздэг ажээ.


Зимбабвед сүүлийн хорин жилийн турш хүний эрх зөрчигдсөөр байгаа тул АНУ, Европын Холбоо /ЕХ/ тус улсын хориг арга хэмжээ авсан юм. Э.Мнангагва сүүлийн жилүүдэд барууныхны эсрэг Р.Мугабегийн хэлсэн үгсээс эш татаж,  өөрийнх нь дэглэмийг барууныхан унагахаар оролдож байна гэж буруутган ярих болжээ.


Сонгуулийн өмнө эрх баригч намыг буруутгасан өрөөсгөл байр суурьтай байна гэж албаны хүмүүс болон төрийн мэдлийн хэвлэлүүд ЕХ болон АНУ-ын ажиглагчдыг шүүмжилжээ.


Санал хураалтыг ажиглахаар Засгийн газраас уригдсан Carter төвийн мэдээлснээр, 48 хүнтэй ажиглагчдын багийн 30 гишүүн сонгуулийн өмнөх өдөр гэхэд ажиглах зөвшөөрлөө аваагүй хэвээр байгаа бөгөөд үүнийг хойшлуулах нь санал хураалт, санал тоолох үйл явцыг ажиглахад саад болох төлөвтэй байна. Түүнчлэн засгийн газрыг шүүмжилдэг хуульч, шашны зүтгэлтэн зэрэг хүний эрхийн төлөө тэмцэгч хэд хэдэн идэвхтэнд санал хураалтыг ажиглах итгэмжлэл олгосонгүй.


Зимбабвегийн эрх баригчид гадаадын хэд хэдэн сэтгүүлч болон иргэний нийгмийн төлөөллүүдэд итгэмжлэл зөвшөөрөл олгохоос татгалзсаныг АНУ-ын Төрийн Департамент буруушаажээ.


Нийт 15 сая хүн амтай, ашигт малтмалын асар их нөөцтэй, тухайлбал, цахилгаан машины цэнэг хураагуурын гол түүхий эд болох литийн хамгийн их нөөцтэй Өмнөд Африкийн энэ улс 1980 онд цагаан арьстнуудын цөөнхийн засаглалыг халж, тусгаар тогтнолоо олж авснаас хойш ердөө хоёрхон удирдагчийн нүүр үзжээ. 



Холбоотой мэдээ