ХОВД: Авын хөх уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-28 11:27:43

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын төвөөс 8 км зайд  Авын хөх уул  гэж бий. Тус ууланд хүрэл, түрүү төмрийн үед холбогдох нэлээд олон дурсгал байгааг судлаачид илрүүлсэн юм. 

Авын хөх ууланд нийт 58 ширхэг булш хиргисүүр бий. Мөн 34 ширхэг балбал чулуу, 20 орчим хадны зураг, нэг хүн чулуун хөшөө, буган хөшөө байна. Түүнчлэн 13 ширхэг зосон зурагтай булшны хашлага чулуу байдаг аж. 


Дээрх дурсгалаас онцлоход Нийтийн тооллын өмнөх 2700-2000 жилийн өмнөх хүрлийн үед холбогдох хэмцэг булш (Чемурчек) 10 ширхэг байдаг.  


Мөн нэгэн хүн чулуу онцгой анхаарал татахуйц дурсгал болно.  


Тус хүн чулууг нарийн ширхэгтэй гөлгөр хөх өнгийн чулуугаар маш ур дүй гаргаж хийсэн байх бөгөөд хөшөөний нүүр болон хоёр хажууг засч, харин ар талыг огт засч янзлалгүй анхны байдлаар нь хийсэн бололтой. Өвөр талыг сайтар өнгөлж толийлгоод дүрслэн урласан хүний эд эрхтэн, эдлэл хэрэглэлийн зүйлс нилээд сайнаар хадгалагдан үлджээ.


Өргөн дугуй царайтай, дугуйрсан өргөн хөмсөг бүхий өргөн далбагар угалзтай монхор том хамрыг хамтад нь нэгэн үргэлж товойлгон дүрсэлсэн бөгөөд зууван дүрлэгэр нүдтэй, живэргүй, зууван хэлбэртэй зузаан уруултай том амаа жимийсэн байдалтай хүний царайг дүрсэлжээ.


Амыг дүрслэн үзүүлэхдээ доод уруулын доор болон эрүүг харуулсан хонхор зураас хоёрын хооронд зориудаар доод уруул руу бараг тулган товойж гарсан хагас дугуй хэлбэрийн зүйлийг дүрсэлсэн нь ооч сахал юм уу эрүү гэлтэй. Толгойн орой бөөрөнхий бөгөөд духан дээгүүр малгайн зах хөвөө мэдэгдэхгүй байгаагаас үзэхэд малгайгүй бололтой.

Баруун гарын тохойн үеэр нугалж хүйсэн тушаа нум атгуулжээ. Зүүн гараа мөн тохойн үеэр нугалж эрхий хуруугаа гозойлгож бусад дөрвөн хуруугаа тэнийлгэж зүрхэн тус газарт, баруун гарын бугалга дээр тавьжээ.

Хөмсөг ба хамрыг нэгэн үргэлж товгор зураасаар гаргаад нүд, хацар, ам болон хоёр гар, нум гэх мэт зүйлийг тусад нь товойлгон дүрсэлжээ. Хөшөөний газраас цухуйсан өндөр нь 137 см, өргөн нь 45 см, зузаан нь 28 см байна.


Уг хөшөө нь Хэмцэгийн соёлд хамаарна гэж эрдэмтэд тогтоожээ. Уг соёлд хамаарах хүн чулуу БНХАУ-ын Алтай аймгийн нутагт олон тоогоор илрэн судлагдсан байдаг бол Монгол нутагт харьцангуй цөөн тохиолддог байна. 


"Манай улсад нэн ховор бөгөөд Төв Азийн хүн чулуудын дотроос хамгийн эртнийхэд тооцогдох Авын хөх уулын хүн чулууг онцгойлон үзэж хадгалалт, хамгаалалтыг сайжруулах шаардлагатай" гэж зарим иргэд тэмдэглэн бичжээ.  

Холбоотой мэдээ