ДУНДГОВЬ: “Happy mom” төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-08-30 13:37:07
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. “Гэрэлтдэг ертөнц” ТББ, аймгийн Хөдөлмөрийн биржээс санаачлан ХХҮГ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар, "Ар ширээт" хайрхан ХХК-тай хамтран “Happy mom” эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих хтөслийг хэрэгжүүлнэ.


Дундговь аймгийн Сайнцагаан сумын хэмжээнд цалинтай ээжийн 50,0 мянган төгрөг авдаг, гэртээ хүүхдээ хараад ажил эрхэлдэггүй 630 ээж байдаг. Урт хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд ихэвчлэн нийгмийн үйл ажиллагаанд оролцож чаддагүй тул өөртөө итгэх итгэл буурч, сэтгэл зүйн хувьд ихэвчлэн өөрийгөө тусгаарлах хандлагатай болдог. Тиймээс энэхүү төслийг гэртээ байдаг ээжүүдийн асуудлыг шийдвэрлэн, өөртөө итгэх итгэлтэй, орлоготой болоход нь туслах зорилгоор хэрэгжүүлж байгаа юм.


Төслийн хүрээнд оролцогчдод өөрийгөө таних, сөрөг бодлоос ангижрах, аз жаргалтай байх, өөрийгөө хайрлах, өдрийг үр бүтээмжтэй өнгөрүүлэх, гэр бүлийн үнэ цэнэ, зөв харилцаа зэрэг хувь хүний хөгжлийн сургалт явуулж, бүжгийн хичээлээр сэтгэл заслын дасгал хийх, нэхмэлийн ур чадвар олгох, лаа хийх, цахим маркетинг зэрэг мэргэжлийн ур чадвар олгох онол, практик хосолсон үйл ажиллагааг зохион байгуулна.


Түүнчлэн оролцогчдын хэрэгцээнд тулгуурлан төсөл боловсруулах арга зүй болон бусад сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд төсөлд оролцон ментор хийх эмэгтэйчүүдийг мөн урьж хамтран ажиллана гэж төслийн багаас тодруулсан. “Happy mom” ээжүүдийн хөгжлийг дэмжих төсөлд 12 ээжийг хамруулан хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгтэй хамтран оролцогчдын хүүхдүүдийг харах үйлчилгээг үзүүлэх ажээ. Уг төсөл оролцогчдоо сонгон, 9 дүгээр сарын 11-нээс хэрэгжиж эхэлнэ. 

Холбоотой мэдээ