ДУНДГОВЬ: 2023-2024 онд үнэлгээнд суурилсан сургуулийн менежментийг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-08-30 17:56:59
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн багш нарын 75 дахь удаагийн бага хурлаас 2023-2024 оны хичээлийн жилд “Хамтын оролцоо, үнэлгээний үр дүнд суурилан цэцэрлэг, сургуулийн менежментийг сайжруулж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гаргах” зорилго дэвшүүлж, зорилтуудаа тодорхойллоо.        


Энэ хичээлийн жилийн үйл ажиллагаа нь УИХ-аар шинэчлэн баталсан “Боловсролын багц хууль”-ийг сурталчлан хэрэгжүүлэх, үнэлгээнд суурилсан сургуулийн менежментийг хөгжүүлэхэд чиглэнэ гэдгийг аймгийн БШУГ-ын мэргэжилтнүүд онцолсон юм.


Тус хурлаас дараах зорилтуудыг дэвшүүлжээ. Үүнд:

1. Боловсролын багц хуулийг сурталчлан таниулах ажилд суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, багш, ажилтан, иргэд, олон нийтийг 100 хувь хамруулах,

2. Цэцэрлэгийн гадна байгаа 2-4 настай хүүхдийг хувилбарт сургалтаар хөгжүүлж, 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамруулах,

3. Аймгийн сургуулиудын онцлог, хэв шинж, хэрэгцээг судлан үзэж,  аймаг, сургуулийн удирдлагуудын хамтын оролцоотой ахлах сургуулийг 2024- 2025 оны хичээлийн жилээс хичээллүүлэх бэлтгэл хангах ажлыг эхлүүлэх,

4. Цэцэрлэг, сургуулийн багтаамж, байршлыг  үндэслэн хамран сургах тойргийг шинэчилж,  хүүхэд бүр гэртээ ойр байрлах цэцэрлэг, сургуульд хамрагдах боломжийг олгох,

5. Хүүхэд бүрийн онцлог, ялгаатай байдал, явцын үнэлгээнд суурилан сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах ажлыг эрчимжүүлэн, сурлагын амжилтад ахиц гаргах,

6. 3, 4 дүгээр ангийн суралцагчдыг “eduten”, 5, 6-р ангийг  англи хэлний “pearson” сургалтыг дэмжих  цахим хөтөлбөрт 100 хувь хамруулж, багшийн ур чадварт ахиц гаргах,

7. Суралцагчдын шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэн судлах арга барил эзэмшүүлэх нэгдмэл агуулга бүхий төсөлт ажлыг анги, бүлгээс үл хамааран багаар хамтран гүйцэтгүүлж үр дүнг улирал бүр тооцох,

8. Цэцэрлэг, сургуульд суурилсан багшийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааг тогтмолжуулж, багш бүр багшийн мэргэжлийн хөгжлийн үндэсний цахим системийг ашиглах боломжийг бүрдүүлэн, мэдлэг чадаварыг дээшлүүлэх,

9. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах, тэгш боломж олгох орчныг бүрдүүлж, тэдний онцлог, сурах хэв маягт нийцсэн хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх,

10. Суралцагч бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран МЕDLE.mn сургалтын үндэсний нэгдсэн платформыг ашиглах боломжийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлэх,  

11. Дотуур байрны орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах,  сурах, хөгжих,  төлөвших үйл явцыг дэмжих тусгайлсан арга хэмжээг багш, ажилтан, эцэг эх,  асран хамгаалагч,  олон нийтийн оролцоо, түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэх,

12. Цэцэрлэг, сургууль, дотуур байрны орчинд аливаа хэлбэрийн гадуурхал, дарамт, үе тэнгийнхний дээрэлхэлтээс сэргийлэх, мэдээлэл хүлээн авах, эрсдэлийг бууруулах, хянах үнэлэх зэрэг үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагааг сайжруулж,  хүртээмжийг нэмэгдүүлэх,  үр дүнг тооцох,

13. Онцгой байдлын үед суралцагч өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг,  ур чадвараа хэрэгжүүлэх дадлага, сургуулилтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж, аливаа гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг хөгжүүлэх,

14. Цэцэрлэг, сургуулийн номын сангийн үйлчилгээг сурах, сургах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хүүхдийн сурч хөгжих, төлөвших,  хамтран ажиллах,  мэдээлэл авахад нь туслах орчин болгон өөрчилж, үйлчилгээний нээлттэй байдлыг хангах.  


Багш нарын бага хурлын үеэр “Боловсролын багц хууль”-ийг тус аймгийн 19 сургууль, 22 цэцэрлэгийн удирдлагуудад гардуулж өгсөн байна. 


Холбоотой мэдээ