АРХАНГАЙ: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 61425 га талбайд хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2023 онд ойн хөнөөлт шавжийн эсрэг тэмцлийн ажлыг 59385 га талбайд хийхээр төлөвлөснөөс ажлын гүйцэтгэлээр 61425 га талбайд зохион байгуулаад байна.
Улсын төсвийн хөрөнгөөр ойн хөнөөлт шавжтай газраар үүргэн шүршигч багаж ашиглан химийн аргаар тэмцэх ажлыг Батцэнгэл, Өлзийт сумдын ойн санд 2000 га талбайд, авиа микробиологийн аргаар буюу онгоцоор агаарын хөлөг ашиглан Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган сумдын ойн санд 40000 га талбайд гүйцэтгүүллээ.
Харин орон нутгийн төсвийн хөрөнгөөр Булган, Ихтамир, Жаргалант, Тариат, Цэнхэр, Цэцэрлэг сумдын ойн санд 18925 га талбайд, иргэдийн сайн дурын хандив тусламжтайгаар Чулуут сумын ойн санд 500 га талбайд гүйцэтгүүлсэн байна.
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй “Хатант форест”, “Ньюгрийн форест”, “Залуу төгөл”, “Номин хангайн төгөл”, “Орхон жимгэр”, “Тэгш дүүрэн ММОМ”, “Ноён хангайн хишиг” ХХК-иудаар гүйцэтгүүлжээ.
Тэмцлийн ажлын техникийн үр дүнг орон нутгийн Ойн анги, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид хяналт тавьж ажилласан байна.