Озон задалдаг бодисуудыг хэрэглээнээс бүрэн хасчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-09-16 13:07:50

НҮБ-аас 1987 онд зарласан “Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр” өнөөдөр тохиож байна.

Уг өдрийг дэлхий нийтээр “Озоны давхарга, уур амьсгалын өөрчлөлт: Монреалийн протоколыг хэрэгжүүлэх Дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтаар ОЗОНЫ ДАВХАРГА сэргэж, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ саарна” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Озоны давхарга нь агаар мандлын дээд давхарга дахь хүчилтөрөгчийн гурван атомын нэгдэл бөгөөд нарны хэт ягаан туяанаас амьтан, ургамал, хүн төрөлхтөний хамгаалагч бамбай юм. Озоны давхарга цоорсноор нарны хортой хэт ягаан туяа дэлхийн гадаргад шууд нөлөөлж, хүний дархлалын системийг доройтуулах, нүдэнд цагаа унах, болор цайх, нүд сохрох, арьсны хорт хавдар үүсгэх зэргээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. Тиймээс энэ өдрийг Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж, хүмүүст энэ талаар мэдээлэл хүргэх, мэдлэг тараахыг зорилго болгодог гэсэн юм. 1980-аад оны сүүлээр зарим төрлийн газ болон фтор ба хлортой нэгдлүүд нь озоны молекулуудыг гэмтээж, давхаргыг цоолж байгааг тогтоож, дэлхий нийтээр шуугиан тарьж байжээ. Үүний эсрэг Дэлхийн хамтын нийгэмлэг 1979 онд НҮБ-д Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколоор озон задалдаг бодисын хэрэглээний 98 хувийг олон улсын төвшинд үйлдвэрлэл, хэрэглээнээс гаргасан байна. Ингэснээр ирэх 100 жилийн дотор одоо цоороод буй озоны давхарга нөхөн сэргэх боломж бүрдсэн хэмээн БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба мэдээлэв.

Одоогоор озоны давхаргыг цоолох бодисуудыг хэрэглээнээс гаргаж, өөр бодисоор орлуулж байгаа ч энэ нь дэлхийн дулааралд нөлөөлж байгааг “Монголын хөргөлтийн инженер техникчдийн холбоо”-ны Ерөнхийлөгч Ц.Өсөхжаргал хэллээ.

Тэрбээр, “Дэлхийн дулааралд нөлөөлөх бодисуудыг хөргөгч, хөлдөөгчийн төрлийн тоног төхөөрөмжид түлхүү хэрэглэдэг. Тиймээс энэ төрлийн бодисыг хэрэглээнээс гаргах чиглэлээр БОАЖЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран судалгаа, сургалт зохион байгуулж байна. Бидний ажил озоны давхаргыг хамгаалах, дэлхийн дулаарлыг бууруулахад тодорхой үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Монгол Улс 2010 онд озоны давхаргыг цоолох бодисын импорт хэрэглээг бүрмөсөн зогсоож, олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн. Одоо дэлхийн дулааралд нөлөөлж буй гидрохлорфтортнүүрстөрөгчийн /HCFC/ төрлийн бодисуудыг үе шаттай бууруулах, хэрэглээг бүрмөсөн зогсоох олон улсын шинэ хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллаж байгаа аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ