ДУНДГОВЬ: “Адуучны өв соёлын баяр” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-05 11:44:42
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн “Сүм хөх бүрд” түүхийн дурсгал бүхий байгалийн үзэсгэлэнт газарт 9 дүгээр сарын 9-10-нд “Адуучны өв соёлын баяр” аялал жуулчлалын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна.


Тус аймгийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор аялал жуулчлалын брэнд бий болгож байгаа. Тухайлбал, 2022 оноос “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт “Сэтгэшгүй оддын чуулган”, 2019, 2023 онд “Их газрын чулуу”-ны уулнаа “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам зохион байгуулж, аялагчдын тоог нэмэгдүүлсэн байна.


Харин жил бүрийн 9 дүгээр сард монгол адууны гайхамшиг, нүүдэлчин түмний адуу маллах өв соёлыг сурталчлах, хүүхэд залуучуудад таниулах, өвлүүлэх зорилго бүхий “Адуучны өв соёлын баяр”-ыг уламжлал болгон тэмдэглэж байна.


Дундговь аймаг адуу, айргаараа алдартай. Намрын налгар өдрүүдэд малчид унагаа уяж, үрс хийх, гүү сааж айргаа исгэн, дэмбээ, хуруу гаргах, унага тамгалах зэрэг өв соёлоо хадгалан нааддаг уламжлалтай.


“Адуучны өв соёлын баяр”-ын үйл ажиллагааны хүрээнд унага уях, гүү саах, унага уралдуулах зэрэг зан заншлыг харуулж, “Сайхан хос морьтон”,  “Сайхан хөхүүр”,  “Сайхан айраг”, “Сайхан хөхүүр хийдэг өвлөн уламжлагч”-ийг шалгаруулах бөгөөд адуучин залуусын адуу маллах ёс заншлыг харуулсан “Адуучин тэмцээн”-ийг зохион байгуулна.


Мөн энэ үеэр адууны эдлэл хэрэгслийн худалдаа, адууны махны худалдаа гарах бөгөөд  айраг уух, дэмбээ наадаан, хуруу барих зэрэг тэмцээн, уралдаан, бөхийн барилдаан болох ажээ. 



Холбоотой мэдээ