Хятадад чипний үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-09-06 11:39:40

БЭЭЖИН. /Reuters/. Хятад улс хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарт АНУ болон бусад өрсөлдөгчөө гүйцэж түрүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын шинэ сан байгуулахаар төлөвлөж байгаа тухай "Reuters" агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээллээ. Уг санг 40 орчим тэрбум ам.доллар татах зорилгоор байгуулж байгаа бөгөөд төрөөс дэмжих ажээ. 


Шинээр бий болох сан нь интеграл бичил схемийн салбарт Хятадын хөрөнгө оруулалтын сангаас байгуулсан гурван сангийн хамгийн том нь байх бололтой. Хөрөнгө оруулалтын ихэнхийг чип хийдэг тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд зарцуулах аж. 


Сангийн зорилго нь хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарт 300 тэрбум юань буюу 41 тэрбум доллар татах явдал бөгөөд энэ тоо 2014, 2019 оныхоос үлэмж илүү байгаа юм. 2014, 2019 онд 138.7 тэрбум юань, 200 тэрбум юань тус тус татаж байжээ. 


Хятад улс хагас дамжуулагчаар дотоодын хэрэгцээгээ хангах шаардлагатай байгааг БНХАУ-ын дарга Ши Жиньпин удаа дараа онцолж байсан юм. Бээжин цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд хамгийн сүүлийн үеийн чипнүүдийг ашиглаж магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн сүүлийн хоёр жилийн хугацаанд Вашингтон экспортыг хянах хэд хэдэн арга хэмжээ авсны дараа чипний хэрэгцээ илүү тулгамдсан асуудал болсон гэдгийг Reuters агентлаг дурдсан байна.







Холбоотой мэдээ