Монгол Улсын Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-09-12 09:27:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга Монгол Улс, Австралийн Холбооны Улс хоорондын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд бүрэн хэмжээний тоглолтоо анх удаагаа Сиднейн дуурийн театрт толилуулахаар Австралийн Холбооны улсыг зорилоо.

 

Улсын Филармонийн Морин хуурын чуулга Австралийн Холбооны Улсын Сиднейн Дуурийн театрт 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 19.00 цагаас “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах юм.


Улсын Филармонийн захиргаа, уран сайхны зөвлөл болон Морин хуурын чуулгын уран бүтээлчид энэхүү айлчлан тоглолтод онцгой анхаарал хандуулж Монгол болон дэлхийн сонгодог бүтээлүүдээс бүрдсэн хөтөлбөрийг сонгон бэлтгэл сургуулилтаа хийжээ.


Улсын Филармонийн Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан бөгөөд 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглож байсан түүхтэй.




Холбоотой мэдээ