Хууль бусаар явуулж байсан үйл ажиллагааг нь зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-17 15:10:12

Баянхонгор аймгийн Засаг даргаар ахлуулсан Цагдаагийн газрын дарга Б.Оюутболд, ЗДТГ-ын ХБХ-ийн мэргэжилтэн н.Хүрэлсүх, МХГ-ын улсын байцаагч Г.Энхбаярын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  Жаргалант сумын Тэгшид олборлолт явуулж буй “Оргил маунт” компанид ажиллалаа.

Мөн үеэр уурхайн дарга н.Батгэрэл хэлэхдээ, одоогийн байдлаар эвдсэн газрынхаа 30 хувьд нь нөхөн сэргээлт хийсэн. Энэ жилийн уулын ажлын төлөвлөгөөний 80 гаруй хувь нь хийгдсэн, үлдэгдэл нөхөн сэргээлтээ энэ намар уурхай буух хугацаанаас өмнө хийх талаар ярилаа. Гэвч ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон мэргэжлийн байгууллагын төлөөлөл Оргил маунт компанийг усны төлбөрөө төлөөгүй, аймаг орон нутгийн зүгээс тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй, түүгээр ч зогсохгүй хэрэгжүүлдэггүй зэрэг хэдэн хэдэн асуудлыг гаргаж тавьсан юм.

Жаргалант суманд ашиглалтын лицензтэй Оргил маунт, Жамп алт компанийн 2 уурхай байдаг. Жамп алт компани  нь ашиглалтын талбайгаас дур мэдэн иргэн н.Дашдоржид 45 сая төгрөгөөр худалдсан гэх мэдээлэл байна. Хэдий ашиглалт явуулах эрхтэй боловч газар нутгийг бусдад ашиглуулах, дамлан зарах нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл болохыг аймгийн удирдлага анхааруулаад тус компанитай хариуцлага тооцон хуулийн байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн. Түүнчлэн Мандалын бөөргийн аманд олборлолт явуулж байсан иргэн н.Дашдоржийн техник хэрэгсэлийг лацдан, үйл ажиллагааг нь таслан зогсоолоо.

Тэрбээр тус суманд ажиллахдаа Дөвөнтийн уурхайгаас эхтэй хэд хэдэн уурхайн үйл ажиллагааг сонирхон, нөхөн сэргээлтийн аж ахуйн нэгжүүдийн хийсэн ажлын гүйцэтгэлтэй танилцсан. Зарим нөхөн сэргээлтийн аж ахуйн нэгжүүд нутгийн иргэдийн хүсэлтийг хүлээн авч өөрсдийн ашиглалтын газартаа оруулж, тэдний амь амьжиргаанд нэмэр болдог боловч нутгийн иргэдээс гадна өөр хүмүүс ирж түйвээх, дураараа загнах байдал гаргадаг байна. Улмаар зөрчилдөөн үүсгэдэг тухай ч уурхайнхан ярьж байна. Иргэдээс гарч буй санал дунд хэдий тэдний хувьд амь амьжиргаандаа нэмэр болгох гэж энэ компаниудын зөвшөөрлөөр тэдний ашиглах газарт нэвтэрдэг ч энэ мэтчилэн газар нутгаа онгичуулан ухуулж эрүүл газаргүй, үр хүүхэддээ үлдээх баялаггүй хоцрохвий гэсэн эмзэглэлтэй байгаагаа хэлж байлаа.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ