БАЯН-ӨЛГИЙ: Шилдэг бизнес санаа дэвшүүлсэн багт 10 сая төгрөгийн батламж олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-13 17:01:12

Өлгий /МОНЦАМ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, "СТАРТ-АП Монголиа" төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох шилдэг “Старт-ап” шалгаруулах үйл ажиллагааны ялагчаар "Смарт түлхүүр" баг шалгарлаа.


Уг сонгон шалгаруулалтад Баян-Өлгий аймгийн 42 баг оролцсоноос 2 дахь шатны сонгон шалгаруулалтад 10 баг өрсөлдөв. Үүнээс шилдэг бизнес санаа дэвшүүлсэн "Смарт түлхүүр" багт 10 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгосон ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар батламжийг нь гардуулж өгөв.


Мөн эхний 4 байрт орсон багуудыг хурдасгуур арга хэмжээнд хамруулан бизнес санаануудыг нь улам боловсронгуй болгох чиглэлээр дэмжиж ажиллахаар боллоо. 


"Смарт түлхүүр" баг нь Өлгий хотод төрөл бүрийн барилга, байшин, тээврийн хэрэгслүүдийн түлхүүр хийх үйл ажиллагаа явуулдаг аж. Тухайлбал, өмнө нь орчин үеийн тээврийн хэрэгслүүдийн түлхүүр эвдэрсэн, хугарч гэмтсэн тохиолдолд тухайн машиныг Улаанбаатар хотод тээвэрлэн аваачиж түлхүүр тааруулдаг байжээ. Харин "Смарт түлхүүр" багийн залуучууд түлхүүр хувилах, тааруулах үйлчилгээ үзүүлж эхэлснээс хойш иргэд цаг хугацаа, зардлаа хэмнэх боломж бүрдсэн байна. Залуучууд одоогоор БНХАУ-аас өөрсдийн нөөц боломжоороо 11 төрлийн тоног төхөөрөмж оруулж ирж Баян-Өлгий аймаг болон хөрш зэргэлдээ Увс, Ховд аймаг, ОХУ-ын Кос-Агаш районы иргэдэд үйлчилж байгаа.


Цаашид Land Cruiser 200, Prius 30, 40, 41 зэрэг загварын орчин үеийн  тээврийн хэрэгслүүдийн түлхүүрийг хувилах, шинээр тааруулахад нэмэлт тоног төхөөрөмж шаардлагатай байгаа тул төсөл бичиж хүргүүлсэн ба ийнхүү санхүүгийн буцалтгүй тусламж авах эрхтэй болж байна.

 

Холбоотой мэдээ