БАЯНХОНГОР: Номын баяр улам бүр хүрээгээ тэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" үйл ажиллагааны хүрээнд Номын баярыг аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Үйл ажиллагаанд 5700 орчим хүүхэд, 1000 гаруй насанд хүрэгчид оролцсон нь өмнөх жилүүдээс хамрах хүрээ өргөн хүрээнд тэлсэн тоон үзүүлэлт юм.
Энэ жилийн Номын баярыг "Хүүхэд бүр уншигч", "Илүү их уншъя", "Номтой Монгол" уриатайгаар Баянхонгор аймгийн 19 сумын иргэд, хүүхэд багачуудын дунд аймгийн Нийтийн номын сангаас зохион байгууллаа. Мөн үеэр тэргүүний уншигч хүүхдүүдийг шалгаруулж, Д.Нацагдорж дүр тэмдэгтнээр 38 хүнийг шагнан урамшуулжээ.
Номын баярыг аймгийн Нийтийн номын сангийнхан аймгийн Зохиолчдын холбоо, "Баянхонгор таймс" сонин, ахмад номын санчидтай хамтран сумдад зохион байгуулсан байна.
Номын баяр нь шинэ болон хуучин номын үзэсгэлэн худалдаанаас гадна зөөврийн номын сангийн үйлчилгээ /давхардсан тоогоор 1000 шахам ном/, тэргүүний уншигч сурагчдын бүтээлүүдийг сумдын ард иргэд, хүүхэд багачуудад сурталчлах зэрэг хөтөлбөртэй. Мөн танин мэдэхүйн асуулт хариултын АХА тэмцээн, "Алтан хонх" уралдаан, "50 номын хожил" уралдаан, гарын доорх материалаар "Номын хавчуурга" бүтээх уралдааныг тус тус зохион байгуулдаг уламжлал тогтжээ.
Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд тус үйл ажиллагааг ийнхүү жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.