БАЯНХОНГОР: Мазаалай баавгайг "Үндэсний бахархалт амьтан" болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар мазаалай баавгайг хамгаалах цогц ажил эхэлж байна.
Мазаалай баавгайг хамгаалах ажлын багийн анхдугаар хуралдаанаар,
-4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх "Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөр" батлах,
-Мазаалай баавгайг "Үндэсний бахархалт амьтан" болгох,
-Жил бүрийн 2 дугаар сарын 28-ны өдрийг “Мазаалай баавгайн өдөр” болгох,
-Мазаалай нутагладаг Говийн их дархан цаазат газар "А" хэсэгт байрлах Баянбүрдүүд, уст цэгүүдийг сэргээж хамгаалах,
-2023 оны 9-10 дугаар сард хоёр мазаалай баавгайг сансрын дохиололтой хүзүүвчээр хүзүүвчлэх,
-Мазаалайн нэрийг барьж үйл ажиллагаа явуулдаг 48 ТББ-ын үйл ажиллагаанд хяналт тавьж, мазаалайг хамгаалах цогц ажилтай уялдуулах,
-Мазаалайг хамгаалах нэгдсэн сан байгуулж шилэн данстай болгох зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Дэлхий дээр өөр хаана ч байхгүй, зөвхөн Монголын говьд амьдардаг мазаалай баавгайг хамгаалснаар говийн экосистем сайжирч, говийн ховор амьтдыг давхар хамгаалах юм.
Сонирхуулахад, Тоо толгой нь эрс цөөрч устах аюулд ороод байсан панда буюу хулсны баавгайг Хятадууд 1960-аад оны үеэс эрс шийдвэртэй хамгаалж, өдгөө тоо толгой нь 3000 хүрч, устах аюултай амьтны жагсаалтаас гараад байна.