БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур, Ташанта боомтын үйл ажиллагааг сайжруулах асуудлаар санал солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.Арман ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Гаалийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Пальчик Роман Владимирович, тус газрын Мэдээлэл, техникийн албаны дарга Галманов Александр Анатольевич, Ташанта боомтын Гаалийн дарга Пелёдов Виталий Аркадьевич нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Цагааннуур, Ташанта боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, хил орчмын худалдааг хөгжүүлэх, хил орчмын нутгийн иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх зэрэг асуудлуудаар санал солилцлоо.
Мөн аймгийн Засаг даргын орлогч Х.Арман иргэдийн байнга ярьдаг “Ташанта боомт зорчигчдын авч яваа хагас боловсруулсан мах, цагаан идээ, ачаа барааг хурааж, торгууль ногдуулж байгаа” гэх гомдлыг уламжилсан юм. Ташанта боомтын удирдлагууд уг саналыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх боломжгүй, цаашид анхааралдаа авч холбогдох дээд байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх талаас нь ажиллах болно хэмээв.
Х.Арман уулзалтын төгсгөлд талууд сайн хөршийн хувиар нэг нэгэндээ хүндрэл,
эрсдэл учруулахгүйгээр харилцан ашигтай байхын төлөө бүх нөөц боломжоо дайчлан
ажиллахыг хүслээ.