ДОРНОГОВЬ: БНЭУ-ын Гадаад хэргийн дэд сайд Саурабх Кумарыг хүлээн авч уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн дэд сайд Саурабх Кумар, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нарыг энэ оны есдүгээр сарын 15-нд хүлээн авч уулзжээ.
Албаныхан аймаг орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалт хийгээд Монгол - Энэтхэгийн Засгийн газраас хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах
үйлдвэрийн
үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Энэтхэгийн төлөөлөгч нартай харилцан ярилцсан аж.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны
хуралдаанаас газрын тос боловсруулах үйлдвэрийн гүн боловсруулалтын технологийн
байгууламжуудын барилга угсралтын ажил болох EPC 04 багцын долоон байгууламжаас нэн түрүүнд барьж
эхлэх шаардлагатай гурван байгууламжийг (гидрокрекинг, устөрөгчийн үйлдвэр, хүхэр ялгах) зээлийн дүнд багтаан барьж эхлэх шийдвэрийг гаргасан байна.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын гадаад хэргийн дэд сайд Саурабх Кумар хэлэхдээ, Энэтхэг, Монгол хоёр улсын хувьд “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төсөл нь чухал ач холбогдолтой бөгөөд газрын доорх баялгаараа өөрсдөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргахад Энэтхэг Улс хамтран ажиллаж байгааг дурдаад дээрх төслийг амжилттай эхлүүлж, хэрэгжүүлэхэд орон нутгийн байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлжээ.
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд дөрвөн багц ажил хэрэгжих бөгөөд EPC 01 буюу технологийн бус барилга байгууламж, EPC 02 буюу атмосферийн болон вакуум нэрлэг, ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд, EPC 03 буюу үйлдвэрийн дулааны цахилгаан станц, EPC 04 буюу лицензтэй технологийн байгууламжууд гэсэн хэсгээс бүрдэж байна.