ДОРНОГОВЬ: Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-18 10:04:00

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ төрийн үйлчилгээ, үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, стандартын гэрчилгээг энэ оны есдүгээр сарын 15-нд гардан авлаа. Энэ нь төрийн байгууллагуудаас чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн анхны байгууллага болж байгаа аж.


Монгол Улсын хөгжлийн стратеги чиг хандлагад нийцүүлэн Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяа төсвийн байгууллагуудад олон улсын чанарын менежментийн тогтолцоог бий болгох, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн үйчлилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олон улсын ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх алхмыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн хэмээн Сайншанд сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хүн төвтэй удирдлагаас процесс төвтэй удирдлагад шилжих, байгууллагын соёлыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага дээшлэх, гүйцэтгэлийн удирдлага, баримт бичгийн удирдлага, удирдлагын тогтолцоо сайжрах боломж бүрдэх юм.


Ташрамд дурдахад Сайншанд сумын хүн ам 27 мянга орчим бөгөөд Засаг захиргааны найман багаар дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. 

Холбоотой мэдээ