Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XIV форум болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-09-18 14:44:00
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XIV форум БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанцав хотноо 2023 оны есдүгээр сарын 18-нд боллоо.


”Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч: Орчин үеийн шинэчлэл ба хамтын хөгжил” сэдвийн дор чуулсан ээлжит форумд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимаар мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүссэн бол БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба илгээлт ирүүлэв


Энэ удаагийн форумд Монголын талаас 40 гаруй, Хятадын талаас 70-аад хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч оролцож, хоёр талын хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, шинэ хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар 20 шахам илтгэлийг хэлэлцүүллээ.


МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар форумын нээлтэд хэлсэн үгэндээ, Бид бүхэн жил бүрийн намар Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум хийгээд 14 дэх жилдээ орж байна. Энэ бүх хугацаанд бид хөндөөгүй сэдэв, ярилцаагүй салбар, зөвлөлдөөгүй зүйл байхгүй гэхэд болно. Өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцэж, энэ тухай зөвлөлдөж, санал санаачилга дэвшүүлж, оролцоогоо ярилцаж байлаа. Харин энэ удаад БНХАУ-ын Өвөр Монголын Улаанцав хотноо “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч: Орчин үеийн шинэчлэл, хамтын хөгжил” сэдвээр ярилцахаар цуглараад байна. Бид бол хэвлэл мэдээллийн салбарынхан. Бидэнд иргэдэд зөвийг тунгаах, бурууг ойлгох, асуудлыг мэдрэх боломжийг олгох давуу тал байна.  Мөн бидэнд холыг ойртуулж, хоёрыг учруулах хүч байна. Хоёр улсын иргэдийн хооронд мэдээллийн гүүр болох чадал байна. Нийгэм, улс хөгжихийн хэрээр иргэдийн мэдээлэл авах хүсэл, тэмүүлэл ч өсөж байна. Иймд бид хүчээ зөв цагт зөв хуваарилж, зөв шийдлийг олох цаг болжээ. Үүнд энэ удаагийн форум хариулт өгч, шинэ санал санаачилга дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн онцоллоо.


Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны дэд дарга бөгөөд намын нарийн бичгийн дарга Лю Сыян, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум хоёр орны хүмүүнлэгийн солилцоог сайжруулах чухал суваг болсоор ирсэн. Цаашид Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо Монголын талтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд шинэ хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв.


Форумын үеэр МСНЭ, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгууллаа.


Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас 2020, 2021, 2022 оны Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ээлжит форумууд цахимаар болсон юм.




Холбоотой мэдээ