Г.Занданшатар: Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө, тэгш эрхийг хангахад банк, санхүүгийн салбарын оролцоо, манлайлал чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-18 16:39:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Санхүү, банкны эмэгтэйчүүд” ТББ, Сангийн яам, Монголбанк, СЗХ, Монголын банкны холбоо хамтран УИХ-ын даргын ивээл дор хоёр жил тутам зохион байгуулдаг чуулга уулзалт Төрийн ордонд болов.


Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, тэдний нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь, шийдвэр гаргах түвшний оролцоо, манлайллыг төгөлдөржүүлэхэд туслах, мэдээлэл, туршлага солилцох, сайн үйлсийн талаар хамтран ажиллахад нэгдэх эв санааны нэгдэл-платформ бий болгон хөгжүүлэх “Санхүү, банкны эмэгтэйчүүд” II чуулганд салбарын 660 гаруй төлөөлөл оролцлоо.


Чуулганыг нээж “Санхүү, банкны эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Д.Энхжаргал хэлсэн үгэндээ, “Монгол Улсад банкны салбар байгуулагдсаны 99 жил тохиож байна. Хүний эрхийг дээдэлсэн, ёс зүйтэй, авлигагүй, ядууралгүй, дэвшилтэт нийгмийг цогцлоох, тогтвортой хөгжил, хүртээмжтэй санхүүгийн салбарын хөгжилд манлайлан хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэлээ. 


Энэ удаагийн чуулганаар хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг хангах, байгууллагын хөгжилд оролцогч талуудын ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах, ажилтнуудын ажил амьдралын тэнцвэрийг хангахад түлхүү анхаарчээ. Мөн эдгээр болон харилцагчийн эрхийг хамгаалах “Банкны үйлчилгээний кодекс”-ыг нэвтрүүлэхэд тулгамдаж буй зарим асуудлыг олон талаас нь хэлэлцэн, төлөөлөгчид туршлагуудаа хуваалцав.


Мөн “Санхүүгийн салбарын жендерийн бодлогын хэрэгжилтийн үр дүн, жендерийн мэдрэмжтэй мэдээллийн сан байгуулах тухай” илтгэлийг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү танилцуулж, “Хариуцлагатай бизнес ба тогтвортой хөгжил” хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлжээ.


“Санхүү, банкны эмэгтэйчүүд” II чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцох үеэрээ эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө, тэгш эрхийг хангахад банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал маш чухлыг онцлон тэмдэглэсэн юм. Манлайлагч, түүчээлэгч, шилдэг эмэгтэйчүүд энэ салбараас олноор гарснаар бахархдаг. Энэ уламжлал одоо ч үргэлжилдэг. Одоогоор банкны салбарт ажиллаж буй 16 мянган хүний 11 мянга буюу 68 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Үүн дээр хөрөнгийн зах зээл, ББСБ, ХЗХ, даатгал, үнэт цаасны компани гээд санхүүгийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог нэмбэл бүр ч олон болно. Энэ тоо баримт нь Монгол Улсын банк, санхүүгийн салбар эмэгтэйчүүдийн манлайлал дор хөгжиж байгааг харуулж байна. Банк, санхүүгийн салбар нь хариуцлага, нягт нямбай чанарыг шаарддаг. Тооцоо, бүртгэл, харилцагчийн үйлчилгээ гээд банк, санхүүгийн салбарын нарийн, чимхлүүр ажил нь эмэгтэй хүний нягт нямбай, хариуцлагатай зүтгэл, шударга, зарчимч атлаа энэрэнгүй чанарт суурилдаг учир манай банк, санхүүгийн салбар илүү хөгжиж байна. Энэ салбарын бүсгүйчүүдийн манлайлал дор банк, санхүүгийн систем хөгжиж дэвшиж ирсэн.



УИХ-аас санаачлан өнгөрсөн зургаадугаар сард АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг “Жендерийн эрх тэгш байдал” сэдвээр зохион байгуулсан. Олон улсын эмэгтэй лидерүүд оролцож, илтгэл тавьсан. Олон салбар хуралдаан болсны дунд банк, санхүүгийн салбар дахь эмэгтэйчүүдийн давамгайллын талаар ярьж, хэлэлцүүлэг ч өрнүүлсэн билээ. 


Энэ үеэр УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шийдвэр гаргасан. Ингэхдээ жендерийн эрх тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангах зарчим баримталсан. Парламентын төлөөлөх чадварыг нэмэх, 76 эрх мэдэлтэн биш, харин нийт ард түмний төлөөлөгч байх шинж чанарт нь парламентыг дөхүүлэхээр шинэчлэхийг зорьсон юм. Тийм учраас Үндсэн хуулийнхаа өөрчлөлттэй уялдуулан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.


Энэ өөрчлөлтийн дагуу 2024 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгосон бол 2028 оноос 40 хувь болгох юм. Нийт 126 нэр дэвшигчийн 78 нь сонгуулийн тойрогт нэр дэвших бол 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх буюу жагсаалтаар нэр дэвшинэ. Жагсаалтад эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчийг сөөлжүүлэх байдлаар буюу 1:1-ийн харьцаатай бичнэ. Үүгээр жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдийн 24 нь эмэгтэй байх эрх зүйн орчин бүрдүүлсэн. УИХ-д одоогоор 13 эмэгтэй гишүүн байгаа, ирэх парламентад 24 эмэгтэй гишүүн, мөн тойргоос сонгогдох эмэгтэй гишүүдтэйгээ нийлээд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэнэ. Түүнчлэн, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах явдал нэн чухал. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, зарчмууд үүнийг л шаарддаг.


Парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл хангагдана гэдэг эмэгтэйчүүдийн давамгайлал, манлайлал дор хөгжиж буй банк, санхүүгийн салбарын эрх ашиг түлхүү хангагдана хэмээн онцолж байгаа юм. Эмэгтэйчүүд эдийн засгийн эрх чөлөө, тэгш эрхээр хангагдаж чадсан цагт улс төрийн бүрэн эрхээ эдэлж, шийдвэр гаргах түвшинд олуулаа болох боломж бүрдэнэ. Үүний тулд дараах асуудлуудад анхаарах шаардлагатай. Нэн тэргүүнд эмэгтэйчүүдэд зориулсан ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлд тэдний оролцоог нэмэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.


Үүнд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа чухал юм. СЗХ-ноос 2022 онд баталсан “Компанийн засаглалын кодекс”-оос нээлттэй хувьцаат компаниуд бодлогын баримт бичигтээ гишүүдийн хүйсийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр тусгаж, мөрдөж ажиллана. Энэ мэтээр төр, хувийн хэвшлийн аль алинд нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого шаардлагатай. Эмэгтэй бизнес эрхлэгчид, энтрепренерүүдийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх санаачилгыг УИх-ын гишүүд гаргаж, ажиллаж байгааг дуулгахад таатай байна.


Хоёрдугаарт, жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт, төлөвлөлт хийдэг шинэ жишиг бий болгох хэрэгтэй. УИХ-аас 2022 онд баталсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөөнд энэ зорилтыг тусгасан. СЗХ-ноос жендерийн мэдрэмжтэй төсөв бүрдүүлэх саналаа Сангийн яаманд хүргүүлсэн. Үүнийг 2024 оны төсвөөс эхлэн мөрдөх ёстой. Судалгаа, шинжилгээнд суурилсан санхүүгийн ийм тогтвортой бодлогыг хэрэгжүүлж, санхүүгийн тодорхой дэд бүтэц бий болгох нь чухал. Банк, санхүүгийн салбарын байгууллагууд хүйсээр ангилсан өгөгдөл, жендерийн статистик мэдээлэл цуглуулан боловсруулж, ашигладаг байх шаардлагатай. Ингэснээрээ эмэгтэй бизнес эрхлэгчдэд ээлтэй бодлого дэвшүүлэх, зээлийн бодлогоо үүнд чиглүүлэх нь чухал байна.


Монголбанкны мэдээллээр, бичил, жижиг, дунд бүх аж ахуйн нэгжийн зээлийн үлдэгдэлд эрэгтэй эзэмшигчтэй аж ахуйн нэгжийнх 60-аас дээш хувийг эзэлж байна. Судалгааны дүнгээс харахад бичил, жижиг, дунд бизнесийн гол манлайлагчид нь эмэгтэйчүүд, тэр дундаа оёдол, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал зэрэг “солонгоруулах”, төрөлжүүлэх гээд байгаа эдийн засгийн салбарыг эмэгтэйчүүд авч явдаг, илүү хариуцлагатай харагдаж байна. Дээрх гурван зорилтыг хэрэгжүүлэхэд банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухлыг эцэст нь тэмдэглэе” гэв.



УИХ аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн. Хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцээд, батлахаар төлөвлөж байна. Ингэснээр монгол эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах, шийдвэр гаргах түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангах том алхам болох аж.


Чуулганы үйл ажиллагаа “Бидний ажил, амьдралын тэнцвэрийг хангах сайн туршлага, санаачилгууд” хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Тус хэлэлцүүлгийг МУИС-ийн дэд профессор Г.Уянга чиглүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, “Төрийн банк”-ны тэргүүн дэд захирал Д.Сугар, “Монгол даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төр-Од, “Голомт банк”-ны Байгууллагын хөгжлийн газрын захирал А.Ганчимэг, “Хас банк”-ны Үйл ажиллагааны газрын захирал Л.Зул, “Тэнгэр” үнэт цаасны компанийн ТУЗ-ийн дарга О.Лхагвасүрэн нар панелистаар оролцсон юм. Дараа нь Монголын банкны холбооны зөвлөх З.Шагдарсүрэн “Харилцагчийн эрхийг хамгаалах банкны үйлчилгээний кодекс” илтгэл, Олон Улсын хэрэглэгчийн туршлагын институтийн гүйцэтгэх захирал Лавилау Батала “Олон улсын дижитал СХ стандарт IDCXS2022” илтгэлийг танилцуулж, “Харилцагчийн эрхийг хүндэтгэн хамгаалахад кодекс, нэгдсэн стандарт нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг өрнүүллээ.


Чуулганд банкны салбарын 15629, үнэт цаас, даатгал, ББСБ, ХЗХ зэрэг банкны бус санхүүгийн байгууллагуудын 6956, эдийн засаг санхүүгийн төрийн байгууллагуудын 70-90 гаруй хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүд, удирдагч манлайлагчдын төлөөллөөс гадна тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт, нийгмийн хариуцлага, жендерийн асуудал хариуцдаг ажилтнууд, хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын төлөөлөл, хот, хөдөө орон нутагт ажилладаг манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож байна.


Чуулганаас гаргасан тунхагтаа НҮБ-ын “Хүний эрх ба хариуцлагатай бизнес”-ийн зарчмуудыг банк, санхүүгийн салбарт 2030 он гэхэд бүрэн хэрэгжүүлсэн байх; Санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж буй байгууллагуудын сайн туршлагаас өөрсдийн нөхцөл, боломжид нийцүүлэн даруй хэрэгжүүлж, хүний нөөцийн бодлогодоо албан ёсоор тусгах; Харилцагчийн эрхийг хамгаалах зорилго бүхий “Банкны үйлчилгээний кодекс”, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий “Компанийн засаглалын кодекс”-ыг санхүүгийн салбарын бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлэх уриалгыг санхүүгийн салбарын байгууллагуудад уриалжээ.


Харин санхүүгийн салбарын зээлийн эрсдэлийг бууруулах, чанаргүй зээлийг шүүхийн журмаар шийдэхэд учирч буй томоохон бэрхшээлийн нэг болох хаягжилтад төрөөс анхаарч, айл өрх бүрийг 2025 он гэхэд шуудангийн хаяг, хайрцагтай болгох; Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийг жендерийн мэдрэмжтэй санхүүгийн бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, туршилт, нэвтрүүлэлтийн чиглэлээр өргөжүүлэхийг УИХ, Засгийн газарт хандан уриалсныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ