Жүдогийн ДАШТ-ий хамгийн хүнд жинд хоёр аварга тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-09-21 15:20:56

МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын жүдоч Инал Тасов энэ оны 5 дугаар сард болсон ДАШТ-ий алтан медалийг Олон улсын жүдогийн холбооноос хүлээн авсан тухай Оросын жүдогийн холбоо мэдээллээ.   


Катарын нийслэл Доха хотноо болсон уг тэмцээний хүнд жингийн аваргын төлөөх барилдааны явцыг дахин хянасны эцэст уг алтан медалийг Оросын жүдочид олгохоор шийдвэрлэжээ.


Дэлхийн аварга болсон тамирчдад алтан медаль, кимоно дээр наах улаан өнгийн наалтыг олгодог бөгөөд И.Тасоев Баку хотод болох “Их дуулга” тэмцээний өмнө бэлтгэл хийж байхдаа шагналаа гардан авлаа.


“Медалийг Бакуд гардуулах гэж байгаа тухай өмнө нь сонссон, харин одоо багийнхаа нөхдийн өмнө гардан авч байгаадаа баяртай байна. Нэгэнт шагналаа авсан болохоор өөрийгөө дэлхий аварга гэж тооцох болно” хэмээн Тасоев ярьжээ.


6 дугаар сарын 9-ний өдөр IJF буюу Олон улсын жүдогийн холбооны хэвлэлийн албанаас мэдээлэхдээ, +100 кг-ийн жинд дэлхийн аваргын алтан медалийг И.Тасоевт гардуулахаар шийдвэрлэснийг дурдаж байсан юм.


Эргэн сануулахад, 5 дугаар сарын 13-нд болсон ДАШТ-ний финалын барилдаанд И.Тасоев Францын алдарт жүдоч Тедди Ринерт ялагдаж, мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр барилдааны явцад өрсөлдөгчөө унагасан боловч түүний хийсэн мэхийг жүдогийнх биш гэж шүүгчид үзсэн байна. Харин тэмцээний дараа IJF-ээс барилдаанд дүн шинжилгээ хийж, нягталсны эцэст хоёр жүдочийг ялагчаар тооцож, Тасоевт алтан медаль ба Парисын Олимпын оноог өгөхөөр шийдвэрлэжээ. 

Холбоотой мэдээ