Монгол Улс “Fashion Coterie” үзэсгэлэнд амжилттай оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-22 13:39:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Нью-Йорк хотын Жейкоб К.Жавицын конвенцын төвд “Informa Markets”-ийн хувцас загвар, нэхмэлийн “Fashion Coterie” үзэсгэлэн худалдааг энэ сарын 19-21-нд зохион байгууллаа.


Монгол Улсын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар тус үзэсгэлэн худалдаанд 2011 оноос хойш оролцож байгаа. Энэ удаад ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо, Адапт төсөл, “Кашмер Холдинг” ХХК, “Ханбогд Кашимер” ХХК, “Сноу Филдс” ХХК оролцов.


Үзэсгэлэнгийн үеэр Монголын хаан ширхэгт чанарын гэрчлэх тэмдэг, ноолуурын салбарын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийг дэлхийд таниулж сурталчлах, ижил төстэй салбарын харилцагч түншүүдтэй танилцах, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцсоныг ХХААХҮЯ мэдээллээ. 



Хувцас загвар, гоёл чимэглэлийн үзэсгэлэнгүүдээс хамгийн дээд зэрэглэлд тооцогддог үзэсгэлэнд 95 орны 13 мянган борлуулагч, худалдан авагч, 1200 гаруй брэнд бүтээгдэхүүнээр оролцжээ. 

Холбоотой мэдээ