ХӨВСГӨЛ: Шилдэг номын санчаар Д.Батцэцэг шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн /МОНЦАМЭ/. МУСГЗ Д.Сүрэнжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан номын баярыг тэмдэглэж хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэх, бүх нийтийн уншлагыг дэмжих зорилгоор уншигч, зохиолчдын уулзалт, номын өдөрлөг, яруу найргийн үдэш, хүүхэд, залуучууд, иргэдэд зориулсан соёлын олон үйл ажиллагааг зохион байгуулж өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.
Шилдэг номын санчаар Шинэ-Идэр сумын Нийтийн номын санч Д.Батцэцэг шалгарч МУСГЗ Д.Сүрэнжавын нэрэмжит шагналыг гардан авлаа.
Д.Батцэцэг нь номын сангийн сан хөмрөгийн зохион байгуулалт, хадгалалт
хамгаалалт, чанар хангамжийг сайжруулахад анхаарч ажилласан төдийгүй номын
сангийнхаа сан хөмрөгийг Lib4u программд 100 хувь оруулсан байна.
Нийтийн номын сангийн хамт олон номын баярыг угтан 3 дугаар сараас эхлэн тэргүүний уншигч хүүхэд, тэргүүний уншигч номын нөхөр төрийн албан хаагч, шилдэг номын санч, МУСГЗ хүүхдийн зохиолч Д.Даваанямын мэндэлсний 80 насны ойд зориулсан уран уншлага болон номын тэмдэглэл хөтлөх уралдааныг зарласан байна.
Мөн номын ертөнц уншигчийн номын тэмдэглэлийн үзэсгэлэн, чөлөөт уншлага, номын үзэсгэлэн, хуучин номын худалдаа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, 5000 гаруй хүүхэд, залууст хүрч үйлчилжээ.
Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан 1944 онд анх нэг орон тоотойгоор аймгийн
клубийн дэргэд байгуулж байсан бол эдүгээ 140 гаруй уншигч хүлээн авах 3
уншлагын танхимтай, монгол, англи, орос болон бусад хэлний 60 гаруй мянган
номын фондтой Номын сан мэдээллийн төв болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж
байна.