Ирландын Гимнастикийн холбоо өнгөт арьст охиноос уучлал гуйжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-09-26 13:02:14

ДАБЛИН. /BBC/. Ирландын Гимнастикийн холбоо /ИГХ/ 2022 оны гуравдугаар сард болсон “Gymstart” тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр медаль авалгүй хоцорсон өнгөт арьст охины гэр бүлийнхнээс чин сэтгэлийн уучлал хүсжээ.


Шагнал гардуулах үеэр эгнэн зогссон хүүхдүүдэд медаль зүүж өгч байсан боловч өнгөт арьст охинд шагнал өгөөгүй байна. Эл зохисгүй үйлдлийг харуулсан дүрс бичлэг сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархаж, олон сая хүн үзжээ. Үүнтэй холбогдуулан ИГХ “олон нийтийн бухимдлыг төрүүлсэндээ” хүлцэл өчжээ.  


Тус холбоо даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ, ийм явдал давтагдахаас сэргийлэхийн тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай болохыг ухамсарлаж байгаагаа илэрхийлээд, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн аливаа хэлбэрийг зэмлэн буруушаасан байна.


Америкийн алдарт гимнастикч Симона Байлз тэргүүтэй олон хүн олон нийтийн сүлжээнд уг явдлыг шүүмжилжээ. С.Байлзын хувьд дүрс бичлэгийг үзээд зүрх минь шимширсэн гээд, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл ямар ч спортод байх ёсгүй хэмээн мэдэгдсэн байна.


Өнгөрсөн баасан гарагт ИГХ 2022 оны гуравдугаар сард охины эцэг эхээс ирүүлсэн "арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасан" гэх гомдлыг хүлээн зөвшөөрчээ. Улмаар тус холбоо шалгалт явуулсан ба медаль гардуулж байсан ажилтан алдаа гаргасандаа уучлал гуйсан байна. Уг ажилтан бичгээр уучлал хүссэн бөгөөд охин шагнал гардуулах ёслолын дараа медалиа авсан байна. Гэсэн хэдий ч ИГХ олон нийтийн өмнө уучлал гуйгаагүй гэж охины ээж үзсэн тул уг асуудлаар Швейцар дахь Гимнастикийн ёс зүйн хороонд хандахаар төлөвлөж байжээ.


Үүний дараа ИГХ-ноос даваа гарагт гаргасан мэдэгдэлд “Ирландын Гимнастикийн холбооны удирдах зөвлөл болон ажилтнуудын нэрийн өмнөөс бид 2022 оны гуравдугаар сард “GymStart” тэмцээний үеэр болсон үйл явдалтай холбогдуулан гимнастикч охин болон түүний гэр бүлийнхнээс уучлалт гуйж байна” гэжээ.

 


Холбоотой мэдээ