Манай мэргэн буучид багаараа 12 дугаар байрт оров
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. “Ханжөү-2022” XIX Азийн наадамд Монголын багийн медалийн салхийг хагалсан мэргэн буудагчдаас өнөөдөр эрэгтэй гар буучдын сүүлийн тэмцээн хийн гар бууны 10 метрийн дасгалд манай улсыг ОУХМ Э.Даваахүү, П.Тэргэл, О.Төгөлдөр нар төлөөлж Ханжөүгийн тирийн галын цэг дээр цэцээ сорив.
10
метрийн спорт гар бууны хувьд 56 тамирчин урьдчилсан шатанд нийт 60 сум буудаж
шилдэг 8-д багтан шигшээд буудах эрхийн төлөө өрсөлдөхийн зэрэгцээ 3 тамирчны
нийлбэр оноогоор багийн дүнгээр мөн медальт байр шалгаруулдаг.
Урьдчилсан шатанд манай багаас ОУХМ Э.Даваахүү 575 оноогоор 21-р байр, П.Тэргэл 565 оноогоор 37-р байр, О.Төгөлдөр 559 оноогоор 50-р байр тус тус эзэлж Азийн наадмыг өндөрлүүлж байна.
Нийлбэр
дүнгээр манай баг 12-р байр эзэллээ.
Урьдчилсан
буудлагыг Азербайжаны Бакуд зохион байгуулагдсан 2023 оны ДАШТ-ий энэ зайн
аварга БНХАУ-ын Жан Боуэн тэргүүлж шигшээд шалгарсан бол нийлбэр дүнгээр
Энэтхэгийн баг эзэн орны тамирчдыг ердөө ганцхан онооны зөрүүгээр илүүрхэж,
2023 оны ДАШТ-д ялагдаж хүрэл медаль дээр буусан хариугаа нутагт нь авч Азийн
наадмын аварга боллоо.
Маргааш манай эмэгтэй гар буучид 10 метрийн багийн болон ганцаарчилсан төрөлд цэц сорих бол 9-р сарын 30-ны өдөр манай тамирчдаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин улсаа төлөөлөн 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрөлд өрсөлдөж Азийн наадмын буудлагын тэмцээн өндөрлөх юм.