Ажиллахын зэрэгцээ суралцах боломж МСҮТ- д байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-19 17:02:18

Энэ хичээлийн жилд МСҮТ- д элсэн суралцагчдын тоо урьд урьдынхаа буурсан байна. Энэ нь өнгөрсөн хавар ЕБС –ын 9 дүгээр анги төгсөгчид цөөн байсантай холбоотой ажээ.

Дундговь аймгийн МСҮТ энэ хичээлийн жилд мэргэжлийн боловсрол болон мэргэжил олгох сургалтдаа нийт 460 суралцагч элсүүлэх ёстой. Одоогоор мэргэжлийн боловсрол олгох ангид 40 суралцагч элсч элсэлт 50 хүрэхгүй хувьтай, мэргэжил олгох сургалтад 216 суралцагч бүртгүүлж элсэлт 65 хувьтай байгааг тус сургуулийн сургалтын менежер Ж.Эрхэмбаяр хэллээ.

Тус сургууль ирэх сард шинэ цогцолбороо ашиглалтад хүлээн авна. Ингэхээр сургалт дадлагын орчин нөхцөл, хүчин чадал илүү сайжрах тул мэргэжлийн төрөл чиглэлээ ч нэмэгдүүлэх зорилготой байгаа гэлээ. Тухайлбал, компьютер график, бүртгэл тооцоо, данс хөтлөгч, цэцэрлэгийн туслах багш, модон араг бүтэцтэй канад загварын барилгачин, зочид буудал, хоол зоогийн газрын зөөгч болон малчны ангийг шинээр нээн хичээллүүлэх саналаа холбогдох газарт хүргүүлж, одоогийн байдлаар зочид буудал, хоол зоогийн газрын зөөгч, малчны мэргэжил олгох сургалтын арга зүйг боловсруулж байгаа ажээ.

Энэ хичээлийн жилд элсэлт багассан тул ажлын байран дахь сургалт болон эчнээ сургалтыг хөгжүүлэхэд анхаарч, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтан, алба хаагчдаа мэргэжил олгох сургалтад хамруулах боломжийг тус сургууль танилцуулж байна.

Өнгөрсөн хавар тус сургуулийг 270 гаруй суралцагч төгссөний 69 хувь нь ажлын байртай болжээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ