Банкуудад ХАА-н санхүүжилтэд зориулсан нэгж байгуулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-09-28 18:13:56

Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн BEST хөтөлбөрийн тусламжтайгаар манай улсад 2019 оноос хойш 4000 гаруй ЖДҮ эрхлэгч 200 гаруй тэрбум төгрөгийн буюу 62 сая ам.долларын зээлд зуучлуулан хамрагджээ.  


Уг зээл нь ялангуяа Ковид-19 цар тахлын үед бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг болжээ. Энэ талаар өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд болсон “ХАА-н салбарын санхүүжилтийн шинэ гарц, шийдэл” уулзалтын үеэр ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Уулзалтыг Монгол Улсын ХАА-н салбарын тогтвортой өсөлтийг хангах санхүүжилтийн загвар болон шинэлэг арга хэрэгслийг оролцогч талуудаар хэлэлцүүлж шийдлийг санал болгох зорилгоор зохион байгууллаа. Уулзалт форумыг нээн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар нар үг хэлж, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд түншлэл, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж байв.  


Элчин сайд Р.Буанган хэлэхдээ, “Монголын хөдөө аж ахуйн салбар бордоо зэрэг нэн шаардлагатай бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдан байдал, мөн зах зээлийн тодорхойгүй байдал гэхчлэн урьд өмнө байгаагүй сорилттой тулгарч байгаа”-г дурдаад “АНУ-ын Засгийн газар эдийн засгийн тогтвортой, уян хатан өсөлтийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон үйл ажиллагааны хүрээнд Монгол түншүүдтэйгээ хамтран ажилласаар ирлээ” гэсэн байна. 

Форумын үеэр АНУ-ын ОУХА-ийн BEST хөтөлбөр, Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академийн хамтран гүйцэтгэсэн “ХАА эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээт байдлын судалгаа”-ны үр дүнг танилцуулав.


Фоурм уулзалтаар ХАА-н гэрээт үйлдвэрлэлд суурилсан санхүүжилтийн шинэлэг стратеги, салбарын онцлог хэрэгцээнд нийцсэн санхүүжилтийн загваруудыг нэвтрүүлэх, мөн арилжааны банкуудад хөдөө аж ахуйн санхүүжилтэд зориулсан нэгж байгуулах боломжийн талаар хэлэлцлээ.  


Холбоотой мэдээ