ХӨВСГӨЛ: Хөгжимт драмын театрын барилгыг шинээр барьж “Хөвсгөл далайн чуулга” болгон өргөжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Хөвсгөл аймагт ажиллах үеэр орон нутгийн удирдлагууд Хөгжимт драмын театрын барилгын суурь эвдрэлтэй, газар хөдлөлтийн үед барилга нурах эрсдэлтэй учраас соёл, урлагийн үйл ажиллагаа зогсоод 3 жил болж байна. Иймээс шинэ барилга барих төсвийг улсын төсөвт тусгаж өгөх хүсэлтийг гаргасан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хөвсгөл аймаг өвлийн аялал
жуулчлалыг хөгжүүлэх гол бүс нутаг болно. Иймээс соёл, урлагийн үйлчилгээг өргөн
хүрээнд хүргэх шаардлагатай болно.
Ирэх оны төсөвт Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын барилгыг шинээр барих төсвийг тусгаж, шинэ тоног төхөөрөмжөөр хангана. Үйл ажиллагаагаа “Хөвсгөл далайн дуулал” чуулга болгон өргөжүүлж уран бүтээлээ Хөвсгөлийнхөнд төдийгүй хоймор нутгийг зорин ирж буй аялагч иргэдэд нутгийн язгуур урлаг, өв соёлоос хүргэж байхыг онцоллоо.
Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын барилга 1957 онд ашиглалтад орсон
бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр нэгдүгээр давхрын коридорын хана
шалнаас хоёрдугаар давхрын хойд шат цонхноос мөөгөнцөр илэрсэн. Урлаг заалны
таазны шавар нуралт өгсний улмаас соёл, урлагийн үйл ажиллагаа бүрэн зогссон
байгаа юм.