Дэлхийн 10 гаруй улсад толилуулсан "Мандала" үзэсгэлэнг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам, Чойжин ламын сүм музейтэй хамтран зохион байгуулж буй “Мандал” үзэсгэлэнгийн нээлт тус яамны Номин танхимд энэ сарын 3-ны өдөр болов.
Нээлтэд гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагын тэргүүн нар болон урлаг соёлын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Үзэсгэлэнг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, "Монгол Улсын түүх, өв соёлыг олон улсад сурталчлан таниулах зорилгоор, “Монгол Үндэстний Үнэлэмж” цогц ажлын хүрээнд ГХЯ, Чойжин ламын сүм музейтэй хамтран зохион байгуулж буй давтагдашгүй өнгө төрх бүхий дүрслэх урлагийн олон аргаар бүтээгдсэн шилдэг үзмэрийн дээж болох “Мандала” үзэсгэлэнг албан ёсоор нээж байгаад баяртай буйгаа илэрхийлээд “Энэхүү үзэсгэлэнг дэлхийн 10 гаруй улсад 20 гаруй удаа аялан толилуулсан. Энэ удаа 40 орчим бүтээлийн танилцуулга, судалгааны мэдээллийг QR кодын тусламжтайгаар авах боломжтой болгож шинэчлэн бүтээсэн нь цаашид монгол судлалыг хөгжүүлэх, өв соёлыг сурталчлан таниулахад тодорхой хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэв.
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн Чойжин ламын сүм музейд хадгалагдаж буй XVII-XIX зууны үеийн урлахуйн ухааны сор болсон, монголын түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдээс бүрдсэн “Мандала” үзэсгэлэн Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээлүүд, Их хүрээ хийцийн цамын баг, дурсгалт барилгууд, шавар шуумал болон модон сийлбэр зэрэг урлахуй ухааны олон төрлийг хамруулсныг нээлтийн үгэндээ онцлов.
Чойжин ламын сүм музейн тайлбарлагч Ц.Хандмаа үзэсгэлэнд тавигдсан зарим онцлох бүтээлийг зочдод танилцууллаа. Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэн Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудаар дамжин гадаад улс орнуудад Монгол Улсын түүх, өв соёлыг сурталчлан таниулах үйлсэд хэрэглэгдэх юм.