ЗАВХАН: Ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 29 хүүхэд ногдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-04 16:21:42

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд 27.2 мянган хүн ажил эрхэлж байна.

Эдгээрийн 10 орчим хувь нь боловсролын салбарт ажиллаж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.


Аймгийн ерөнхий боловсрол болон сургуулийн өмнөх боловсролын салбарт нийт 1685 багш, ажиллагсад ажиллаж байна.

Эдгээрийн 930 нь үндсэн багш юм. 2017 оноос хойш үндсэн багшийн тоо 36-аар нэмэгджээ.


Аймгийн хэмжээнд ажиллаж байгаа нийт багш нарын 19.4 хувь нь магистр, 73.3 хувь нь бакалавр, 7.3 хувь нь дипломын боловсролтой ажээ.


Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын нэг багшид ногдох хүүхдийн тоо 35-39 байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 29 хүүхэд ногдож, нэг багшид ногдох оюутны тоо 10 хүрэхгүй байна.


Ташрамд, тус аймаг 2023-2024 оны хичээлийн жилд багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад анхаарч багш нарыг ажлын байрандаа удаан хугацаагаар, тав тухтай ажиллахад нь дэмжлэг үзүүлж, “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.


 

Хөтөлбөрийн хүрээнд нийт 20 сургууль багш хөгжлийн төвтэй болжээ. Түүнчлэн орон нутагт ажиллаж байгаа шинэ залуу багш нарыг дэмжих, ахмад багш нараас суралцах, багшийг ажлын бус цагаараа хөгжих боломжоор нь хангах, шаардлагатай техник хэрэгсэл тоног төхөөрөмжөөр хангах.


Багш нарын ур чадварыг дээшлүүлэх, амжилтыг нь бодитоор үнэлж урамшуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилготой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна гэж аймгийн БШУГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ