ХАМАС-ын гэнэдүүлэлт, Моссадын алдаа

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-10-09 15:58:40

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. ХАМАС бүлэглэлийнхэн бямба гарагт Израил руу бөөн хүчээр халдан довтолсон нь Израил төдийгүй Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байдаг бүс нутгийн улс орнууд, дэлхийн томоохон гүрнүүдийг шоконд оруулсан хэрэг байлаа.


Яг 50 жилийн тэртээ Израил-Арабын “Мөхлийн дайн” эхэлсэн тэр өдөр Газын зурвасыг хянаж буй ХАМАС-ынхан Израил руу 2200 гаруй пуужин харвасны дараа олон зуун байлдагчидтай зэвсэгт отрядууд Израилын нутагт нэвтэрч, байлдааны зэвсэг техникүүдийг олзолж, олон хүнийг барьцаанд авлаа.


Гэтэл Израилын “Моссад”, “Шабак” болон бусад улсын тагнуулын албад палестинчууд довтолж болзошгүй гэх ямар ч шинж тэмдгийг урьдаас илрүүлж чадсангүй.  


Өмнө нь, ХАМАС-ынхан гар аргаар хийсэн пуужингуудаа Израил руу харваж байсныг Израилын “Төмөр бөмбөгөр орой” гэдэг агаарын довтолгооноос хамгаалах систем түвэггүй устгаж байв. Мөн Газын зурвастай залгаа хил дээр жижиг мөргөлдөөн хэдэнтээ гарч байсан. Харин энэ удаад хэдэн зуун зэвсэгт этгээдүүд Израилын хотууд руу бөөн хүчээр дайрна гэж хэн ч төсөөлсөнгүй.


Израилын цэргийн шинжээч Давид Хендельман үүссэн нөхцөл байдлыг дүгнэн ярихдаа “ХАМАС-ын хувьд сөргөлдөөнийг даамжруулах нь ашиггүй, учир нь сүүлийн өдрүүдэд Израилд очиж ажил хийх зөвшөөрлийг палестинчуудад илүү олноор олгосны зэрэгцээ Катараас Газын зурваст багагүй мөнгө орж ирсэн тул палестинчууд тайвширч, халдлага үйлдэхгүй гэсэн дүгнэлтийг Израилын тагнуулын алба хийсэн. Үүний улмаас цэргийнхний сонор сэрэмж суларч, ХАМАС-ын гэнэтийн довтолгоо Израилд асар их хохирол учрууллаа. Урьд нь Израилын арми Газын зурваст агаараас цохилт өгч байсан бол одоо газрын ажиллагаа явуулж магадгүй, гэхдээ олон хүн барьцаанд байгаа тул байдал нэн түвэгтэйхэмээн ярилаа. Хамгийн сүүлийн мэдээллээр, Израилын 100 гаруй цэргийн албан хаагчид, энгийн иргэдийг ХАМАС барьцаанд аваад байна.


Тус бүлэглэлийнхэн гэнэдүүлсэн дайралт хийхийн тулд чухамдаа бямба гарагийг сонгосон нь санамсаргүй хэрэг биш бөгөөд энэ өдөр еврейчүүдийн "Суккот" гэдэг баяр дуусч, хүмүүс амарч, сүмүүдэд мөргөл үйлдэж байв.  


Өнгөц шалтаг ба үндсэн шалтгаан

Харин урьд хожид үзэгдээгүй өргөн хүрээтэй гэнэтийн дайралт хийсэн шалтгаанаа ХАМАС тайлбарлахдаа “Израилын цагдаа нар Иерусалимын Ариун сүмийн уулан дахь лалын шашинтнуудын Аль-Акса сүмд нэвтрэн орж, хүмүүсийг баривчилж, дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрсний хариуд “Аль-Аксагийн шуурга” ажиллагааг эхлүүллээ” гэжээ.


Гэхдээ энэ бол өнгөн төдий, суртал ухуулгын шинжтэй мэдэгдэл юм. Харин жинхэнэ бодит шалтгаан нь өөр зүйлд оршино.


Юуны түрүүнд, Палестин улсыг байгуулах асуудлыг Израилын тал ор тас орхигдуулж, эл талаарх бүх хэлэлцээ зогссон учраас палестинчуудын итгэл бүрэн алдарчээ. Газын зурвасыг хянаж буй ХАМАС-ын удирдагчдын хувь, Палестин хууль ёсоор тусгаар тогтнох боломжгүй болсныг, цаашдын ирээдүй нь бүрхэг болж, хагас гуйланчлалын байдалтай оршин тогтнохоос аргагүйд хүрснийг мэдэрчээ.


Газын зурвас хэмээх 40x12 км хэмжээтэй өчүүхэн газар нутаг дээр 3 сая орчим палестинчууд шахцалдан амьдрах бөгөөд залуусын хувьд Израилд очиж ажил хийж мөнгө олох мөрөөдөлтэй. Гэтэл ХАМАС-ынхан Израилтай байнга шахам толхилцож байгаа нь энэ мөрөөдлийг нь үгүй хийж, улмаар тус хөдөлгөөний нэр хүндийг унагаж байгаа юм. Тэгээд ч залуу үеийнхэн ХАМАС-ыг үеэ өнгөрөөсөн хөгшчүүлийн байгууллага гэж үзэх хандлага илт ажиглагддаг.


Ийм үед “ялалтад хүргэх дайн” хийхгүй юм аа гэхэд Израил руу гэнэтийн дайралт хийж, дуулиан шуугиан дэгдээх нь нэр хүндээ дээшлүүлж, Палестины тусгаар тогтнолын асуудлыг дэлхий дахины сонорт хүргэх боломж юм.  


Нөгөөтэйгүүр, Израил руу дайрах аваас үхлийн хариу цохилт амсана гэдгээ мэдсээр байж бөөн хүчээр довтолж, Газын зурвасыг эрсдэлд оруулсны учир юу вэ? Хамгийн ноцтой шалтгаан бол, Израил-Саудын Арабын харилцаа хэвийн болох хандлага ажиглагдаж эхэлсэн нь хамасынхныг илт сандралд оруулсан хэрэг. Эртнээс өстөн дайснууд байсаар ирсэн дээрх хоёр улс оны сүүлч гэхэд эвлэрлийн гэрээ байгуулж тун магадгүй байна. Энэ тохиолдолд Саудын Арабаас палестинчуудад өгдөг тусламж илт татрах тул бүс нутаг дахь ХАМАС хөдөлгөөний нэр нөлөө сулрах нь тодорхой. Яг ийм үед палестинчууд гэнэтийн дайралт хийснээрээ саудчуудыг “арабын эв нэгдлээс урвах уу, эсвэл израилчуудыг буруутгах уу” гэсэн амаргүй сонголтын өмнө авчрав.


Өөр нэгэн шалтгаан нь Израилын дотоод улс төрийн тэмцэл зөрчилтэй холбоотой. Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн шинэчлэлийн тухай хуулийг эсэргүүцэн тус улсад жагсаал цуглаан өрнөж, эрх баригч эвсэл тарж бутрахдаа тулаад буй энэ үед гадаад бодлогын асуудлууд, тэр дундаа аюулгүй байдлын асуудлыг хойш тавиад байв. Ийм үеийг ашиглан ХАМАС гэнэтийн халдлага үйлдлээ.


Дэлхий дахины хандлага

Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ “ХАМАС-ын террористууд Израилын руу аймшигтайгаар халдан довтолсон явдлыг АНУ эрс зэмлэн буруушааж байгаа бөгөөд Израилын засгийн газар, ард түмэнд бүхий л шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бид бэлэн байна” гэжээ.


Францын Ерөнхийлөгч Э.Макрон твиттер хуудсандаа бичихдээ, амь үрэгдсэн, шархадсан хүмүүсийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж, Израилтай эв санааны нэгдэлтэй байгаагаа нотоллоо.


Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель хэлэхдээ, гэнэтийн халдлагын үеэр барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй суллахыг уриалжээ.


Их Британийн Гадаад хэргийн сайд Жэймс Клеверли мэдэгдэхдээ “Израил улсын өөрийгөө хамгаалах эрхийг манай улс үргэлж дэмжих болно” гэлээ.


Болж буй үйл явдалд Саудын Араб аядуу байр сууринаас хандаж, цус урсгахаа зогсоохыг сөргөлдөгч талуудад уриалсан байна.   


Харин Ираны Дээд удирдагчийн зөвлөх Рахим Сафави Израил руу довтолсон Палестины дайчдад баяр хүргээд тэдэнд тусална гэдгээ амлажээ.  


ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Д.Медведев бичихдээ “Мөхлийн дайн эхэлснээс хойш 50 жил өнгөрч буй энэ өдөр ХАМАС, Израилын хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдлээ. Ийм явдал болно гэдгийг тааварлаж болох байсан. Израил-Палестины мөргөлдөөн олон арван жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд үүнд АНУ голлон тоглогч мөн” гэж шүүмжилсэн байна.


Энэ удаагийн дайралт нь ХАМАС бол хүчирхэг цэрэг-улс төрийн хүч гэдгийг батлан харуулах зорилготой байв. Тус бүлэглэлийн удирдагчдын нэг Мохаммед Дейф палестинчууд ба бусад арабчуудад хандан хэлэхдээ “Израилын эзлэн түрэмгийллийг эцэс болгохыг” уриалжээ. Гэхдээ эл уриалгыг Иордан голын Баруун эрэг ба Зүүн Иерусалим хотод амьдардаг палестинчууд дэмжих үү гэдэг нь эргэлзээтэй. Дэмжсэн тохиолдолд Израилын тал хэд хэдэн фронтод зэрэг дайтахад хүрэх бөгөөд Иранаас дэмжлэг авдаг Ливаны “Хэзболла” бүлэглэл ХАМАС-тай хүч хавсарваас байдал нэн хурцдана.

ХАМАС-ын довтолгоо эхэлсэн даруйд Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху улс орон даяар дайны байдал тогтоож, армийн бэлтгэл нөөц хүчнийг дайчилж эхэлснийг зарлав. “Урьд өмнө нь хэзээ ч үзэгдээгүй их хүчээр бид дайрах бөгөөд дайсан этгээд урьд хожид амсаагүй асар их хохирлыг амсах болно” гэж тэрбээр хэллээ.  Одоо явуулж буй “Төмөр илд” гэдэг ажиллагааны хүрээнд Израилын нисэх онгоцууд Газад хүчтэй цохилт өгсөөр байгаа бөгөөд армийн анги нэгтгэлүүд газрын ажиллагаа явуулж, Газын зурвасыг террористуудаас цэвэрлэхээр бэлтгэж байна.  


НҮБ-д суугаа Израилын төлөөлөгч Гилад Эрдан хэлэхдээ “манай улс ХАМАС-тай эвлэрлийн хэлэлцээ хийхгүй, бидний гол зорилго бол тус бүлэглэлийг устгах явдал” гэлээ.

Холбоотой мэдээ