ДАРХАН-УУЛ: Дархан хотын баярыг тохиолдуулан автобустай аялал зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-10 12:43:35

Дархан, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Жил бүрийн аравдугаар сарын 17-ны өдөр Дархан хот байгуулагдсан түүхэн өдрийг тэмдэглэдэг. Энэ жил Дархан хот байгуулагдсаны 62 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд хотын бүтээн байгуулалт, хөгжлийг танилцуулах автобустай аяллыг даваа гарагт эхлүүллээ.


Арав хоног үргэлжлэх уг аяллын эхний өдөр Дархан хотод үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн 90 гаруй оюутан хамрагдлаа. Нийт дөч орчим километр аялах бөгөөд хотыг бүтэн тойрч түүхэн дурсгалт газар, бүтээн байгуулалттай танилцах аж.



Хотын аяллын хөтөлбөрт шинээр тавьж буй автозамууд, 15 дугаар багийн нутагт барьж буй 960 хүүхдийн эко сургууль, “Оюуны ирээдүйцогцолборын дэргэдэх явган хүний гүүрэн гарц, Дархан сумын найм болон нэгдүгээр багийг холбосон төмөр зам дээгүүр барьж буй гүүр, орон сууцны хороолол зэрэг бүтээн байгуулалтууд багтсан аж.


Аялалд оролцохыг хүссэн иргэд харьяа багийнхаа захиргаанд хандаж хөтөлбөрт хамрагдах боломжтой ажээ. Дархан хоттой танилцах аяллыг Дархан-Уул аймгийн НБХ, Дархан сумын ЗДТГ зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ