ДАРХАН-УУЛ: “Нандин” гутлын үйлдвэр үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-17 18:52:35

Дархан, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Одоогоос арав гаруй жилийн өмнө гэртээ гутал урлаж эхэлсэн Б.Нандин-Эрдэнэ өнөөдөр “Нандин” гутлын үйлдвэрийн нээлтээ хийлээ.


Таван жилийн өмнөөс өрхийн үйлдвэрлэлээ гэр бүлийн хамт эхлүүлж 2018 оноос иргэн, ААНБ-ын захиалга авч төрөл бүрийн гутал үйлдвэрлэн, Дархан-Уул аймгийн ЖДҮ-ийг дэмжих төвийн бойжигч болж дэмжлэг авч байсан бол өдгөө өөрийн үйлдвэрээ нээж үйл ажиллагаагаа өргөжүүллээ.






“Дархан нэхий” ХК-ийн ажилтан байх үеэсээ өөрөө гутал үйлдвэрлэж, дахин давтагдашгүй цор ганц гутлыг захиалагчийн хүсэлтээр үйлдвэрлэх хүсэл мөрөөдөл өвөртлөн хувийн бизнесээ эхлүүлсэн аж.




Дархан сумын 15 дугаар багийн нутагт өөрийн хашаандаа гутлын үйлдвэрээ барьжээ. Үйлдвэрийн хоёрдугаар давхарт загвар, эсгүүр, гоёл, чимэглэл хийх бол нэгдүгээр давхарт гутлын уллагаа, наалт оёдол гээд төгсгөлийн шат дамжлага байхаар зохион байгуулжээ.






Ажилтнуудын эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн агааржуулалт, тоосонцор үүсэхээс сэргийлж тусгай өрөө, амралтын хэсэг зэргийг шийдэж өгсөн нь ирсэн зочдод ихэд таалагдаж байлаа.




"Нандин" гутлын үйлдвэрийн нээлтэд аймгийн засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын засаг дарга Т.Тулгаа, ХХААГ-ын дарга Т.Ганболд, ХХҮГ-ын дарга С.Энхболд нарын албаны төлөөлөл хүрэлцэн ирж талархал илэрхийллээ.




Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ, "Энэ оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Өрхийн үйлдвэрлэлээс өөрийн гэсэн үйлдвэртэй болж буй гэр бүлд талархал илэрхийлж аймгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг бий болгож буйд талархсанаа илэрхийлье. Аливаа бизнест санхүүгийн дэмжлэг ямагт хэрэгтэй байдаг. Тиймээс үйлдвэрийн тохижилт, шаардлагатай тоног, төхөөрөмж авахад худалдан авахад 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсныг мэдэгдсэн юм".




Өдөрт 10, жилд 2000-3000 гутал үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрийн хамгийн том харилцагч нь Улаанбаатар гурил ХХК ажээ. Ажилчдын гутал хийхээс гадна чөлөөт, өдөр тутмын, оффис загварын гээд бүх төрлийн гутлыг үйлчлүүлэгчийн захиалгын дагуу үйлдвэрлэдэг аж.




Цаашид зөвхөн Дархан хотод үйлдвэрлэлээ явуулах бус улсын хэмжээнд өргөжүүлэн ажиллах зорилго тавьжээ. Ирэх жил үйлдвэрээ өргөжүүлэн ажлын байр нэмэгдүүлж автомат, хагас автомат технологи руу шилжихээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ