Эрүүл мэндийн салбарын ажилчдын ур чадварыг сайжруулахыг хүссэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт өнөөдөр Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй аймгийн удирдлагууд уулзаж хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын ажилчдын ур чадварыг сайжруулахыг хүссэн юм.
Аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал нар Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, 2016-2020 онд хэрэгжих аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт дэвшүүлэх санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр төр иргэн хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хувь хүний хөгжлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарын ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиуд сэтгэл зүйчтэй болох, Өмнөговь аймагт ногоон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон асуудлыг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт оруулах шаардлага байгааг хэлж байлаа.
Мөн соёл урлаг, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зэрэг олон саналуудыг бичгээр холбогдох мэргэжилтнүүдэд уламжилсан юм. Хэлэлцүүлгийн үеэр аман болон бичгээр санал бодлоо илэрхийлж хөндсөн асуудлуудыг сайтар судалж, Өмнөговийг хөгжүүлэх хөтөлбөрт тусгахаа аймгийн удирдлагууд онцоллоо.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн