БАЯНХОНГОР: Жючюаны мэргэжил технологийн коллежид тэтгэлэгтэйгээр суралцаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор хот, БНХАУ-ын Ганьсү мужийн Жючюан хот хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хоёр талын удирдлагууд санамж бичиг байгуулсан юм. Энэ хүрээнд Баянхонгор аймгаас 20 оюутныг тус мужийн Жючюан хотын Жючюаны мэргэжил технологийн коллежид тэтгэлэгтэйгээр суралцуулахаар хэлэлцсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл гэрээний хүрээнд Баянхонгор аймгаас элсэн суралцахаар сонгогдсон оюутнуудыг Баянхонгор сумын Засаг даргын орлогч Д.Ууганцэцэгээр ахлуулсан албаны төлөөлөл Ганьсү мужийн Жючюан хотод хүргэж өгсөн байна. Мөн үеэр тус коллежийн удирдлага, мэргэжилтнүүдтэй албан уулзалт зохион байгуулж, коллежийн төлөөллүүд Жючюан хот, Жючюаны мэргэжил технологийн коллеж, тус коллежийн кампус, номын сан, хоолны газар, оюутны байр зэргийн орчин нөхцөлийг оюутнууд болон албаны төлөөлөлд танилцуулжээ.