Төсвийн төсөлд хийсэн дүгнэлтүүдээ хэлэлцлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж буйтай холбогдуулан Нээлттэй нийгэм форумаас “Монгол Улсын 2024 оны төсвийн төлөвлөлт” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Ирэх оны төсвийг эдийн засаг тодорхой хэмжээнд сэргэж, төсвийн орлого, тэр тусмаа уул уурхайн орлого, экспорт нэмэгдэж, инфляц 8.5, эдийн засгийн өсөлт 7 орчим хувьд хүрнэ гэж төлөвлөөд байгааг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Батсүх хэлэлцүүлгийн эхэнд онцлов.
Тэрбээр, “Төсвөө Засгийн газрын “Алсын хараа 2050” бодлогын эхний
10 жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглүүлсэн. Тодруулбал, хот хөдөөгийн
сэргэлтийн хүрээнд орон нутагт орон сууцны хүртээмжийг нэмэх, төрийн албан хаагчийг
тогтвортой ажиллуулахаас гадна 2024 оны дөрөвдүгээр сараас цалин тэтгэврийг
инфляцтай уялдуулан нэмж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг татварын
бодлогоор дэмжихэд анхаарсан”-ыг тэмдэглэлээ.
Тодруулбал, төрийн
225.2 мянган албан хаагч болон ахмад настай 516.8 мянган хүний тэтгэвэр, 146.9
мянган хүний халамж, тэтгэмжийг нэмэхэд 878 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Мөн
сумдын захиргааны 105.2 мянган албан хаагчийн цалинг 40 хувь, аймгийн төвийнхнийг
20 хувиар нэмэхийг ч тусгаад байгаа аж.
Түүнчлэн, 2024
оны төсөвт дэд бүтэц, хот хөдөөгийн сэргэлт, иргэдийн орлогод суурилсан
хэмнэлттэй, үр ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэл барьсныг Сангийн яамны
Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Т.Хонгор тайлбарлаад,
ирэх онд улсын төсвөөс 3.3 их наяд, концессын гэрээгээр 25 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалт хийнэ. Хамгийн их нь БШУЯ-ны 374 төсөлд 709 тэрбум, ЗХТЯ-ны 96
төсөлд 601 тэрбум, БХБЯ-нд 403 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ” гэлээ.
Ирэх оны онцлох
төслийг дурдвал, “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв” барихад 140, “Зүрх
судасны үндэсний төв” байгуулахад 15.6 , хөдөөгийн алслагдсан 191 багийн
харилцаа холбооны дэд бүтэц байгуулахад 20, “Шинэ Хархорин хот” байгуулах
судалгаа, ТЭЗҮ хийхэд 30, ногоон хөгжлийн сэргэлтийг дэмжих, байгаль орчныг хамгаалахад
9 тэрбум төгрөг тусгажээ.
Монгол Улсын 2024
оны төсөвт уул уурхайн салбараас төвлөрөх орлого төлөвлөлтийн дүн шинжилгээг судлаач
А.Батпүрэв танилцуулахдаа, уул уурхайн салбарын төсөвт эзлэх хувь, хэмжээ жилээс
жилд өсөж, 2023 онд 22.6 хувийг эзэлж байсан бол 2024 онд 30 хувьд хүрэх
төсөөлөлтэй байгааг хэллээ.
Тухайлбал, манай
улс жилд дунджаар 25 сая тн нүүрс экспортолдог. Энэ оны эхний есөн сард 35 сая
тонн нүүрс экспортлоод байгаа билээ.
“2023 онд баталсан
төсөвт уул уурхайн салбараас 4.9 их наяд төгрөг олно гэсэн бол 2024 онд 8 их наяд
гэж тусгажээ. Энэ салбараас орж ирэх орлогын 50 гаруй хувь нь ашигт малтмалын
нөөц ашигласны төлбөр байдаг. Монгол банк ирэх онд 50 сая тн нүүрс экспортолно
гэсэн бол улсын төсөвт 60 сая тн гэсэн нь урьд өмнө байгаагүй том тоо учир хэт
өөдрөг төлөвлөлтөөс үүдэлтэй эрсдэл үүсэх магадлалтай. Энэ хэмжээний нүүрс
экспортолж чадахгүй бол бусад салбарт ч нөлөөлнө. Эдийн засгийн 7 хувийг
өсөлтийг нүүрстэй хамааралтай өөдрөг төсөвлөсөн тул төсвийн тодотгол хийх нь
зайлгүй. Ер нь сонгуулийн жилүүдэд заавал төсвийн тодотгол хийсэн байдаг. Иймд
төсвийн төлөвлөлтийн бодит, чанартай байдлыг сайжруулах, төсвийн явцыг ил тод,
оролцоотой болгох замаар олон нийтийн хяналтыг нэмэх, хөрөнгө оруулалтын
төслүүдийн үндэслэлийг нарийвчлан үнэлэх, Төсвийн тогтвортой байдлын тухай
хуулийг байнга өөрчлөхгүй, тусгай шаардлагуудыг нь хэлбэрэлтгүй мөрдөх”-ийг судлаач А.Батпүрэв зөвлөж байлаа.
Хэлэлцүүлэгт ирэх оны нэгдсэн төсвийн орлого, зарлагын болон
хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн
талаар илтгэл хэлэлцүүлж, төсвийн
төсөлд хийсэн дүгнэлт, салбарын
судлаачид ирэх оны төсөвт хийсэн дүгнэлтүүдээ танилцуулсан юм.