БАЯНХОНГОР: Европ бяслагийг сарлагийн сүүгээр хийж нутагшуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-25 14:07:58

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дэлхийн сүү үйлдвэрлэлийн их хурал, World Dairy Summit энэ сарын 16-19-ний өдрүүдэд АНУ-ын Чикаго хотод болж, "Сүүн билэгдэл" ХХК-ийн захирал, Зөвлөх инженер, олон улсын бяслагийн мастер зөвлөх С.Цэцгээ оролцжээ.


"Энэтхэгийн Сүүний зөвлөлийн дарга доктор Минеш, тогтвортой сүүний платформ SDP-ийн Брайн, Фермийн мэдээллийн сүлжээний Торстен зэрэг хуучин түншүүдтэйгээ уулзлаа. Олон улсын сүүний холбоотой байгуулсан харилцааг сэргээхэд эдгээр хүмүүс чухал үүрэг гүйцэтгэнэ" хэмээн "Сүүн билэгдэл" ХХК-ийн захирал С.Цэцгээ ярилаа.


Олон улсын Сүүний холбооны түнш гишүүнээр Монгол Улс 2007 онд элссэн байдаг. Профессор Л.Дамдинсүрэн, Зөвлөх инженер С.Цэцгээ нар Дублин хотод очиж Монгол орныг элсүүлэхэд Ерөнхий ассамблейн хуралд үгээ хэлж, орчуулж байсан түүхтэй аж.


"Сүүн билэгдэл" ХХК-ийн бяслагны үйлдвэр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд ажилладаг бөгөөд өөрийн үйлдвэрийн брэндийг бий болгоход 10 жилийг зарцуулж буй. Анх удаа Гриуере, Чеддар, Гоуда, Тилзит зэрэг алдартай европ бяслагийг сарлагийн сүүгээр нутагшуулсан нь түүний хөдөлмөрийн шим.


Тус үйлдвэр эргэлтийн хөрөнгөд тааруулж 1-2 тонн бяслаг зундаа хийж, бойжуулаад дараа оны дөрөвдүгээр сар хүртэл борлуулдаг байна. Монгол Улс шүлхий өвчин гардаг, бяслаг экспортлох мал эмнэлгийн хэлэлцээр байхгүй тул бүтээгдэхүүнийг экспорт хийх боломжгүй байдаг аж.


Бяслаг маш их арчилгаа, ажиллагаатай ч үнийн хувьд нэг килограммыг нь 45 мянган төгрөгөөр сүлжээ дэлгүүрүүдэд борлуулдаг бөгөөд өөрийн гэсэн хэрэглэгчидтэй, тансаг, дээд зэрэглэлийн гар хийцийн (артизан) үнэтэй бяслаг болж чаджээ.




Холбоотой мэдээ