Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ШХАБ-ын оролцогч нарыг далайд гарцгүй орнуудын ачаа тээврийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэхийг уриалж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБишкек, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод өнөөдөр болж байна.
Энэхүү хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг амжилттай зохион байгуулж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга Акылбек Усенбекович Жапаров Танд талархал илэрхийлье.
ШХАБ нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах, аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын иж бүрэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал бүс нутгийн хамтын ажиллагааны нэр хүндтэй, томоохон механизм болон төлөвшиж байгаад талархаж байна.
Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан нь олон улсын харилцаанд талцал хуваагдал нэмэгдсэн, зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлт, хоол хүнс, эрчим хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол зэрэг аюул, занал дэлхий нийтийн өмнө тулгамдсан үед болж байна.
Бидний өмнө тулгарч буй эдгээр бүх сорилт, бэрхшээлийг даван туулах, энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг сэргээхэд НҮБ-ын зорилго болон зарчим, “Шанхайн үзэл санаа”-г тууштай баримталж, ялгаварлан гадуурхах үзлээс ангид байж, олон улсын эв нэгдэл, харилцан ойлголцол, харилцан хүндэтгэл, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх чиглэлээр хүч чармайлт гаргаж ажиллах явдал чухлаар тавигдаж байна.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд ШХАБ-ын идэвхтэй ажиглагч байх байр сууриа чанд баримталж ирсэн билээ.
Энэхүү бодлогынхоо хүрээнд өнгөрсөн хугацаанд манай улс нийт оролцогч улс оронтой бүх талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирлээ.
Монгол Улс цаашид ч ШХАБ-ын оролцогч орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөн тэлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын оролцогч улсуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байна.
Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг ойрын 10 жилд хэрэгжүүлэх эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд худалдаа, тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого хэрэгжүүлж байгаа.
ШХАБ-ын оролцогч улс орнуудыг далайд гарцгүй улс орнуудын ачаа тээврийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэхийг Монгол Улсын хувьд уриалж байна. Далай бол зөвхөн далайтай улс орнуудын өмч төдийгүй, дэлхийн бүх улс оронд хүртээмжтэй байх нь улс орнуудын тэнцвэрт хөгжилд чухал хувь нэмэр оруулна.
Мөн тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг томоохон зорилт дэвшүүлэн, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүдийг бид амжилттай өрнүүлж байгаагаа мэдээлэхэд таатай байна. Эдгээр төсөл хөтөлбөрт ШХАБ-ын оролцогч орнуудтай мөн хамтран ажиллах өргөн боломжтой гэж үзэж байна.
ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг бөгөөд уламжлалт Стратегийн түнш хоёр хөрш оронтой улс төрийн болоод эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, бүс нутаг дахь хөгжил цэцэглэлтийн төлөө өргөн салбарыг хамарсан хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг бид эрмэлздэг билээ.
“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг том төслүүдийг ШХАБ-ын холбогдох төслүүдтэй уялдуулах боломжтой байна.
Бүс нутгийн хэлхээ холбоо, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улс хөгжлийн төлөвлөгөөгөө “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх сонирхолтой байна.
Энэ хүрээнд саяхан Бээжин хотноо болж өнгөрсөн “Бүс ба Зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний ээлжит уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, цаашид бүхий л талуудтай нягт хамтран ажиллахад бэлэн байна.
Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн ээлжит хуралдаанаар гарах шийдвэрүүд, батлагдах баримт бичгүүд нь ШХАБ-ын нэр хүндийг улам бэхжүүлж, оролцогч орнуудын хөгжил цэцэглэлтийг цогцлоох, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна гэлээ.