БАЯНХОНГОР: Залуус үнэ төлбөргүй суралцан мэргэшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-27 09:35:03

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баянхөндий төслийн хүрээнд "Энержи Ресурс", "Эрдэнэ Монгол" ХХК хамтран энэ оны тавдугаар сараас Хүнд машин механизмын оператор бэлтгэх мэргэжлийн сургалтыг үе шаттайгаар явуулж байна.


Баянхонгороос дөрөв дэх ээлжийн залуус одоо суралцаж байгаа бөгөөд сүүлийн ээлжийн 19 залуу, нэг эмэгтэй сургалтад сууж байна.  Нийт төгсөгчдийн сурлагын амжилт 80-аас дээш хувийн үзүүлэлттэй байгаа төдийгүй цаашид 8 буюу түүнээс дээш тооны ээлжээр сургалтыг явуулахаар төлөвлөжээ. Ийнхүү Баянхонгорын 200 орчим иргэн үнэ төлбөргүй суралцан мэргэшиж, мэргэжлээрээ шууд ажиллах боломж бүрдээд байна.  


Эхний гурван ээлжийн сургалтад нийт 60 суралцагчийг хамруулснаас Шинэжинст сумын харьяат 36, бусад нь аймгийн харьяат иргэд байгаа бөгөөд мэргэжлийн сургалтаа амжилттай төгсөн, ажлын байранд очжээ. Харин Баянхөндий төсөл эхлэх үед орон нутагтаа шилжин ажиллах аж.


Өмнөговь аймгийн Ухаа худаг нүүрсний уурхайн цогцолборт нийт 28 хоног үргэлжилдэг тус сургалтыг амжилттай дүүргэснээр Монголдоо төдийгүй олон улсад ажиллах эрхтэй, чадамжийн үнэмлэхтэй болж байгаа аж.

Холбоотой мэдээ