ЗАВХАН: Татмын ойжуулалт нь хөрсний элэгдэл, эвдрэлийг багасгадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-27 11:11:33

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Цагаанхайрхан суманд нийт 15 га газарт татмын ойжуулалт, нөхөн сэргээлтийг хийж байна.  


Тус сумын Ширээгийн гол дагуу 5 га талбайд татмын ойжуулалт, 10 га-д татмын ойн нөхөн сэргээлт цэвэрлэгээ, арчилгааны ажлыг хийнэ. Татмын ойжуулалт, нөхөн сэргээлт, цэвэрлэгээ, арчилгааг нийт 93.7 сая төгрөгийн өртгөөр хийж буй юм.


Тодруулбал, аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 30 хувь, АДАПТ төслийн 70 хувийн хөрөнгө оруулалт дэмжлэгээр хийж байна. Өнөөдрийн байдлаар татмын ойжуулалтын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Цагаанхайрхан сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй АДАПТ төслөөс уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр эрсдэлд ороод буй голын татам орчмын ургамлын нөмрөг, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс татмын ойжуулалтын ажлыг төслийн зорилтот дөрвөн аймагт хийж буй юм.

Үүний нэг нь Завхан аймаг юм.

АДАПТ төслийн хүрээнд тус аймагт 95 га газарт татмын ойжуулалт, тармаг ойн нөхөн сэргээлт, 60 га газарт ойн сийрэгжүүлэлтийг хийж байгалийн аясаар нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх юм.

Тодруулбал Алдархаан, Баянтэс, Цагаанхайрхан, Тэс суманд ойжуулалт, цэвэрлэгээ, хийх бол Улиастай суманд татмын ойжуулалтыг хийх аж.



Татмын ойжуулалт гэдэг нь доройтолд өртөөд буй голын эх орчмын татмыг хашаалан хамгаалах, байгалийн амьд хашлага буюу модлог ургамлаар ойн зурвас байгуулахыг хэлдэг.

Ингэж ойн зурвас байгуулснаар хөрсний элэгдэл, эвдрэлийг багасгах. Үер болох эрсдэл нөлөөг багасгах, голын усны хэмжээг тогтвортой байлгаж, чанарт сайнаар нөлөөлөх, ойн нөөцийг нэмэгдүүлэх, агаарыг цэвэршүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.


Ташрамд, Цагаанхайрхан сум тэрбум мод үндэсний хөдөлгөөн, говьд нэг сая мод хөтөлбүүдийг дэмжиж хүчит тэжээл тариалах, жимс жимсгэнийн мод тарих, өвс тэжээлийн үйлдвэр байгуулах ажлуудад аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 120 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ