ДУНДГОВЬ: Ширээний теннисний Улсын аварга шалгаруулах тэмцээнд "Топ спин" клуб түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-30 12:31:14
altantogos

Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. 10 дугаар сарын 25-28-нд Мандалговь хотноо зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах ширээний теннисний 58 дахь удаагийн тэмцээн дүнгээ гаргаж, аваргуудаа шалгарууллаа.


Тус тэмцээнийг Монголын ширээний теннисний холбоо, Дундговь аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж, 9 клуб, Өмнөговь, Эрдэнэт, Дундговь аймгийн эрэгтэй 16 багийн 60, эмэгтэй 8 багийн 32 тамирчин оролцсов.


Тэмцээний эмэгтэй нэг бүрчилсэн төрөлд спортын мастер М.Ундрам тэргүүн байр эзэлж, спортын мастер Б.Должинзуу хоёр, Олон улсын хэмжээний мастер Б.Болор-Эрдэнэ, спортын дэд мастер Г.Сэлэнгэмөрөн нар гуравдугаар байрт шалгарлаа.



Эрэгтэй нэг бүрчилсэн төрөлд тамирчин Г.Сэр-Од тэргүүлж, спортын мастер цолны болзол хангасан бол дэд байрыг Олон улсын хэмжээний мастер Э.Лхагвасүрэн, гуравдугаар байрыг спортын дэд мастер М.Манлайжаргал, спортын мастер Ж.Мөнхзориг нар эзэлжээ.



Эмэгтэй багийн төрөлд “Топ спин” клуб түрүүлж, Эрдэнэтийн баг хоёрдугаар байр, “Ухаалаг агуулах” баг гуравдугаар байрыг эзэлсэн бол эрэгтэй багийн төрөлд “Мастерс клуб” түрүүлж, “Топ спин” клуб, “Мираж” клуб удаах байруудад шалгарлаа.




Түүнчлэн тэмцээний эмэгтэй дан хос, эрэгтэй дан хосыг шалгаруулахад “Эмэгтэй дан хос” төрөлд спортын дэд мастер Г.Сэлэнгэмөрөн, дэд мастер М.Цэцэн нар түрүүлж, дэд мастер Б.Норовбанзад, тамирчин Ц.Мөнхшүр нар хоёрдугаар байрт орж, дэд мастер Б.Эгшиглэн, спортын мастер М.Ундрам нар гуравдугаар байр, харин “Эрэгтэй дан хос” төрөлд Олон улсын хэмжээний мастер Б.Билэгт, спортын мастер Ж.Мөнхзориг нар түрүүлж, спортын дэд мастер А.Билгүүн, дэд мастер М.Манлайжаргал нар удаалж, Олон улсын хэмжээний мастер Я.Бэгз, Олон улсын хэмжээний мастер Э.Лхагвасүрэн нар гуравдугаар байрт шалгарчээ.




Багийн нэгдсэн дүнгээр Б.Баярмагнай ахлагчтай “Топ спин” клуб түрүүлж, Я.Бэгз ахлагчтай “Мастерс” клуб удаалан, Ч.Нямаа ахлагчтай “Хангарьд спорт” клуб гуравдугаар байр эзэллээ.


Ширээний теннисний улсын аварга шалгаруулах уг тэмцээнийг Дундговь аймагт зохион байгуулснаар энэхүү спортыг сурталчлах, шилдэг тамирчдыг тодруулах, тамирчдын ур чадварыг сорин чансааг тогтоох, оролцогчдын техник, арга туршлагыг солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашлаад ширээний теннисийг тус аймагт хөгжүүлэх зорилготой юм.


Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцож, хэлсэн үгэндээ Дундговь аймагт ширээний теннисний спортыг дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах      тал дээр хамтарч ажиллахаа онцолж, түүнд зориулан 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.


Мөн энэ үеэр Монголын ширээний теннисний холбооноос тус аймагт хоёр теннисний ширээ, иж бүрэн дагалдах хэрэгслийн хамт гардуулсан байна. 





Холбоотой мэдээ