Уул уурхайн компаниудын хувьцааны ханш өсөх хандлагатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. 2023 он гарсаар 11.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн таван их наяд гаруй төгрөгөөр арилжаалагдсаныг Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын хувьцааны ханшид өсөх хөдөлгөөн давамгайлж байна.
Зах зээлийн үнэлгээ нь 700 тэрбум төгрөг дөхөөд байгаа “Тавантолгой” хувьцаат компанийн нэгж хувьцааны ханш он гарсаар 57.6 хувиар өсөж, лхагва гарагт 13290 төгрөгт буюу сүүлийн гурван сар орчмын дээд түвшинд хаагджээ. Мягмар гарагт явагдсан “Тавантолгой” компанийн коксжих нүүрсний арилжаанд тонн тутмын үнэ нь 18.3 хувиар өсөж, 171.6 ам.доллар хүрчээ. Арилжааны дүн 107.6 сая ам.доллар болсноор өнөөг хүртэл хийсэн хамгийн өндөр үнийн дүнтэй түүхий эдийн арилжаа болсныг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай мэдээлэв. Мөн нэгж хувьцааны ханш нь хоёрдугаар сард 15500 төгрөг хүрсэн нь 2007 оноос хойших дээд үзүүлэлт болсон байна.
Тэгвэл “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш нь он гарсаар 13.5 хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 303 тэрбум төгрөг болоод байна. Урт хугацаанд харвал сүүлийн гурван жилийн хугацаанд тус компанийн хувьцааны ханшийн огцом өсөлт, бууралт удаан үргэлжлээгүй харьцангуй тогтвортой байгаа юм.
Үүнээс гадна
“Могойн гол”, “Адуун чулуун”, “Шивээ-Овоо”, “Багануур” зэрэг дотоодын нүүрс
олборлогч бусад компаниудын хувьцааны ханш оны эхний хагас жилд өмнөх оны
арилжааны үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй сэргэсэн хөдөлгөөнтэй байсан бол
хоёрдугаар хагасаас арилжааны идэвх нь суларчээ.