ХОВД: Ерөнхий боловсролын 13 сургууль эко танхимтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-10 13:33:25

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хүүхэд, өсвөр үеийнхэнд байгаль орчин, экологийн боловсрол олгох зорилгоор Ховд аймгийн 13 сумын ерөнхий боловсролын сургуульд эко танхим бий болгов.

Уг ажлыг “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,III” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн байна.

Төслийн баг энэ сарын 9, 10-ны өдөр Ховд аймагт ажиллаж байгаа бөгөөд сургалт зохион байгуулж, төслийн санхүүжилтээр тохижуулж буй Эко танхимд найман нэр төрлийн ном, гарын авлага, 33 нэр төрлийн хичээлийн багаж хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгч байна.  

Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар "Дээрх төсөл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуульд Эко танхим тохижуулж, шаардлагатай сургалтын гарын авлага, багаж хэрэгслээр хангаж байгаа. Энэ ажлын хүрээнд баруун болон говийн бүсийн нийт 13 аймгийн тусгай хамгаалалттай 18 газар, орчны бүсийн 75 сургууль тус бүрд 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд Ховд аймгийн 13 сумын ерөнхий боловсролын сургууль багтсан" гэв.    

Холбоотой мэдээ