Хатуу хог хаягдлын 6.6 хувийг дахин боловсруулахаар цуглуулдаг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-11-16 13:50:12

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хуванцар савны (РЕТ) хэрэглээ гэр, байшинд амьдардаг өрхийн 2, нийтийн орон сууцны айлын 5, таун хаустай айлуудын 7 хувийг эзэлж байна. Харин хатуу хуванцар (HDP, LDPE, PVC) нь гэр, байшинд амьдардаг өрхийн 1, нийтийн орон сууц 4, таун хаустай айлын 3 хувийг эзэлж байгааг БОАЖЯ судалжээ.


Хатуу хог хаягдлын хэмжээ 2021 онд 2814.2 мянган тонн болж, өмнөх оныхоос 163.1 мянган тонноор буюу 5.5 хувиар буурсан байна. Хатуу хог хаягдлын 39.3 хувийг эдийн засгийн салбар, 54 хувийг айл өрх үүсгэж байгаа бол зөвхөн 6.6 хувийг дахин ашиглаж, боловсруулахаар цуглуулж байна. Хог хаягдлын 92.1 хувийг энгийн, 7.9 хувийг аюултай хог хаягдал эзэлдэг. Нийт хатуу хог хаягдлын 71.4 хувийг ландфиллд булж, 8.6 хувийг шатааж устгасан бол 11.7 хувийг байгальд шууд хаяжээ. Нийт 643 тонн хог хаягдлыг экспортод гаргасны ихэнхийг төмөр эзэлж байгааг тус яам мэдээллээ.


Улсын хэмжээнд одоогоор 137 сум хог хаягдлыг тархахаас хамгаалсан хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна. Энэ нь үндэсний хэмжээнд хог хаягдлын менежментийг хангалттай түвшинд хэрэгжүүлэх техник, тоног төхөөрөмж дутагдалтай байгааг харуулж байгааг Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэх, хамтран ажиллах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх салбарын уулзалтын үеэр мэдээлэв. 

Холбоотой мэдээ