О.Шольц: Туркийн хууль бус цагаачдыг нутаг буцаана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕРЛИН, 2023 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Германы Канцлер Олаф Шольц арваннэгдүгээр сарын 17-ны баасан гарагт Берлин хотноо Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзах үеэрээ Туркийн хууль бус орогнол хүсэгчдийг удахгүй буцаана гэж мэдэгджээ.
Энэ тухай “DPA” болон “Reuters” агентлагууд Германы засгийн
газрын эх сурвалжаас эш татан мэдээлэв. ХБНГУ-д орогнол хүсэгч гадаадын иргэд олон байгаа тул хууль ёсны статусгүй хүмүүсийг нутаг буцаах механизм байх ёстой гэж Канцлер онцлон тэмдэглэсэн байна.
ХБНГУ, Туркийн удирдагчид шинээр байгуулагдсан хамтарсан дотоод хэргийн ажлын хэсэг идэвхтэй ажиллаж буйг сайшаагаад аль болох ойрын хугацаанд харилцан зөвшөөрөхүйц
үр дүнд хүрэхийг үүрэг болгов. Үүний
өмнөх хамтарсан хэвлэлийн бага хурал дээр О.Шольц Европын Холбоо ба Туркийн хооронд
байгуулсан цагаачлалын асуудлаарх хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг Герман улс сонирхож байгааг мэдэгдсэн юм.
О.Шольц, Р.Эрдоган нарын уулзалтын үеэр
бусад асуудлыг мөн хэлэлцжээ. Орос улс
Украины эсрэг явуулж буй түрэмгий дайнаа даруй зогсоох ёстой гэдэгт хоёр
улстөрч санал нэгтэй байлаа.
Израил-ХАМАС-ын дайны асуудлыг хэлэлцэх үеэр
талууд хүмүүнлэгийн асуудалд анхаарлаа хандуулж, бүс нутагт мөргөлдөөн даамжирч
магадгүй хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлжээ. Мөн Газын зурвасын хэтийн ирээдүйн талаар хэлэлцсэн байна. Герман улс Израилтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, ХАМАС бүлэглэлийн террорист халдлагыг эрс буруушааж
байгааг О.Шольц онцлон
тэмдэглэв. Р.Эрдоган хэвлэлийн бага хурлын үеэр Газын зурваст явуулж Израилын цэргийн ажиллагааг дахин эрс шүүмжиллээ.
Тэд шашны
зүтгэлтнүүдийг Туркээс байнга илгээхийг
зогсоохын тулд Герман дахь имам нарт зориулсан сургалтыг өргөжүүлэхээр
тохиролцжээ.
Армени-Азербайжаны мөргөлдөөнийг хэлэлцэх явцад Турк-Арменийн хилийг нээх боломжийн талаар ярилцаж, Армени болон Азербайжаны энхийн хэлэлцээрийг 2023 оны сүүлээр байгуулах ёстой гэдэгт санал нэгджээ.